БНХАУ-тай хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-18 16:35:43

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай Хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгууллаа.


Тус хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний боомтын захиргааны албаны дарга Жао Зеньлян төлөөлж гарын үсэг зурав. Хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр боомтын хамтын ажиллагааны механизмуудыг харилцан бэхжүүлж, хилийн боомтуудыг уялдуулан хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, зорчигч, ачаа тээврийн харилцан зорчих таатай орчныг бүрдүүлэх юм. 


Мөн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгэнт тохиролцсон төмөр зам болон авто замын боомт, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, шинэ тээвэрлэлтийн олон төрлийг нэвтрүүлэх, ашиглалт, хамгаалалтын асуудлыг сайжруулах аж. Улмаар нөхцөл бүрдсэн боомтуудад уул уурхайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шуурхай нэвтрүүлэх ногоон гарцыг байгуулах ажлыг эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллахаар боллоо.


Ташрамд дурдахад, 2004 оны долоодугаар сарын 5-ны өдөр байгуулсан Монгол, хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэн, дээрх хэлэлцээрийг байгуулж буй. Түүнчлэн 2014 оны наймдугаар сард байгуулсан Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээрээс хойш энэхүү хэлэлцээрийг 10 жилийн дараа дахин шинэчлэн байгуулж байгаагаараа онцлог гэж албаныхан мэдээллээ.


相关新闻