Төрөөс баримтлах мөнгөний бодлогод бизнес эрхлэгчдийн саналыг тусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Төв банк төслийг батлахаас өмнө бизнес эрхлэгчдэд танилцуулан, санал, зөвлөмжийг нь тусгахыг чухалчилж байна.
Хэлэлцүүлгийн
эхэнд Монголбанк, Монголын бизнесийн зөвлөл хамтран ажиллахаар санамж бичигт төв
банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах
зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт газрын үсэг зурсан юм.
Үүний дараа, “Төрөөс
мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-д хэд хэдэн чухал заалт орсныг УИХ-ын
гишүүн Ч.Ундрам тэмдэглээд, “Өнгөрсөн
гурван жилд цар тахал болон олон улсын геополитикийн улмаас нөхцөл байдал хүнд үед
УИХ нэлээд хүнд шийдвэрүүдийг гаргасан. Одоогоор эдийн засгийн өсөлт 6.4
хувьтай байгаа ч ирэх онд 6 хувьд барих зорилт дэвшүүлж байгаа. Хөрөнгө оруулалттай
холбоотой гадаадын банкны салбарыг оруулж ирэх эсэхийг тодорхой болгох, ногоон
зээл, цахим хөгжлийн тухай асуудлуудыг тусгасан”-ыг онцоллоо.
Монголын бизнесийн
зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт, “Оюутолгойн далд уурхайн бүтээн
байгуулалт дуусаж, зэс, алтны олборлолт эхэлсэн. Зэсийн эрэлт ирээдүйд ч өсөхийг
уул уурхайн долоо хоног чуулганы үеэр салбарын төлөөллүүд хэлж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн айлчлалын дүнд 1.7 тэрбум еврогийн
хөрөнгө оруулах тухай ярилаа. Эдгээр бололцоог хэрхэн ашиглах, нэмүү өртөг шингээх
чиглэлд бодлогоо боловсруулж байна. Мөн өнгөрсөн зуны үерийн сургамжаас
харахад нийслэлийн хөгжлийн чиглэлд хөрөнгө оруулалт хоцрогджээ. Томоохон дэд бүтэц хийхэд хамтын ажиллагаа хэрэгтэй. Хөрөнгө оруулалт байлаа ч засаглалын асуудлыг
хөндөхөөр болж. ЖДҮ, нүүрс, ногоон автобус гэхчлэн төсвийг зүй бус
зарцуулсан тохиолдол гарч байна. Иймд худалдан авалтыг нууцлах, төлбөрийг нэг дор бүрэн хийхээс татгалзаж, төлбөрийг хувааж төлөх, эргээд үйлчилгээ
үзүүлэх нөхцөлтэй хувийн хэвшлийнхэнтэй хамтрах боломж бий. Түүнчлэн, манай улс 2016 оноос хойш хөрөнгө
оруулалтын агентлаггүй, аль нэг яамны харьяа явж ирснийг яаралтай шийдэх
шаардлагатай” гэдгийг энэ үеэр хэлж байв.
Монголбанк энэ удаагийн үндсэн чиглэлийн төслийг хуульд
заасан зорилт, чиг үүргийн хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаагаа хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм. Төрийн мөнгөний бодлого нь
инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь
нөхцөл бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк
инфляцыг онилох мөнгөний бодлого
хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны
инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахыг зорьж байна. Инфляцын хүлээлтийг
аргамжих, олон нийтийн Төв банканд итгэх итгэлийг нэмэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний
бодлоготой нийцтэй хөгжүүлэх зорилтыг тусгасан байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбарыг дотоодын санхүүгийн салбарт оруулахыг дэмжих, банкны салбарын ногоон
зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан
нэгдсэн системийг хөгжүүлэх аж.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс,
Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн
шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал
ихээхэн нөлөөтэй. Иймд Төв банк дээрх чиглэлээр төрийн холбогдох байгууллагатай хамтран ажиллахыг зорьж байгаа юм.
Хэлэлцүүлэгт
оролцогчид төсөв, мөнгөний
бодлогыг уялдуулах, төсвийн хэт их тэлэлтийн үед бусад сул чөлөөтэй эх
үүсвэрийг ашиглан, бодлогын
хүүг бууруулах боломжийг эрэлхийлэх, валютын нөөцийг нэмэх замаар ханшийн
тогтвортой байдалд анхаарлаа хандуулах зэрэг санал зөвлөмж хэллээ.