Г.В Плехановын нэрэмжит Монгол дахь салбар сургуулийн усан санг шинэчлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-10-24 18:22:11

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбар сургуульд орчин үеийн стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан их сургуулийн дэргэдэх анхны усан сангийн нээлт энэ сарын 24-нд боллоо.


Нээлтэд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын 25 дугаар хуралдааны хүрээнд ирсэн Оросын талын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов.


Шинэчилсэн 25 метрийн урттай "Дельфин" усан сангийн нээлтийн үеэр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко хэлэхдээ, “Энэхүү салбар сургуулийн сурагчид орос хэлийг судалдаг, ОХУ-ын боловсролын стандарт, заах арга зүйг чухалчилдаг, оросын соёлыг сонирхдог хүмүүсийн анхаарлыг татдаг газар гэдгийг мэднэ. Усан санг  нээснээр хүүхдүүдэд усан спортоор хичээллэх өргөн боломжийг бий болгож байгааг тэмдэглэх хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэдэд ч усан спортоор хичээллэх боломж нээгдэж байна” гэдгийг тодотгов. 


Салбар сургуулийн хөрөнгөөр сэргээн засварласан усан санг цаашид сурагч, оюутнуудад биеийн тамирын хичээл заах, усанд сэлэлтийн секц дугуйлан хичээллүүлэх, хамт олны эрүүл мэндэд ач тустай, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зэрэгт ашиглах юм.


Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын Салбар сургууль 1999 оноос хойш Монгол Улсад Оросын стандартын дагуу боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж буй юм. Одоогийн байдлаар тус салбар сургууль ЕБС-ийн нэгдүгээр ангиас эхлээд дээд боловсролын диплом авах хүртэлх өргөн хүрээний сургалтын хөтөлбөртэй томоохон боловсролын цогцолбор юм.


Өнөөдрийн байдлаар тус салбар сургуульд 1.5 мянга гаруй оюутан, сурагч суралцаж  байна. Энэ жил Монгол Улсын БШУЯ-наас их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаа тогтоосон байдлаар тус сургууль 61 их сургуулиас 32 дугаар байрт шалгарчээ.  

Салбар сургуулийн харьяа ЕБС 2022 онд Монгол Улсын төгсөлтийн ЭЕШ-ын дүнгээр шилдэг 10 боловсролын байгууллагын тоонд багтсан байна. Монгол, Орос улс аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, байгалийн шинжлэх ухаан зэрэг олон салбарт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагааны туршлагатай тус салбар сургууль орос хэл, соёлыг Монгол Улсад сурталчлах зорилгыг тасралтгүй хэрэгжүүлж буй юм. 2009 оноос хойш тус салбарыг түшиглэн "Русский мир" тэнхим үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.


Зочид, төлөөлөгчид сургалтын явцтай танилцах үеэрээ математик, орос хэлний хичээл болон бүжиг дэглэлтийн ангид зочилж, тус сургуулийн сурагчдын орос хэлийг маш сайн эзэмшсэн байдал, мөн тэдгээрийн  авьяас, математикийн чадварыг цохон тэмдэглэв. Мөн энэ үеэр эдийн засаг, экологи, компьютер судлал, улс төр судлал болон бусад хичээлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг тус сургуульд хандивласан юм. 


Нээлтэд ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Константин Ильич Могилевский, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Ректор Иван Васильевич Лобанов, Монгол Улсын БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир болон бусад албаны хүмүүс оролцов.








相关新闻