ГОВЬ-АЛТАЙ: “Түмний манлай-2023” тэмцээнд өсвөрийн 1600 гаруй тамирчин өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2023 оны 10 дугаар сарын 25 /МОНЦАМЭ/. “Хантайшир” бөхийн дэвжээнээс санаачлан зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит “Түмний манлай-2023” тэмцээнд өсвөрийн 1600 гаруй тамирчин өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.
Говь Алтай аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Р.Даваанямын нэрэмжит “Түмний манлай- 2023” тэмцээн жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөхийн төрөлд Говь-Алтай аймгийн Алтай хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 15 аймаг, 23 клубийн өсвөрийн 1600 гаруй тамирчин тодруулбал, чөлөөт бөхийн төрөлд 500, жүдо бөхийн төрөлд 750, үндэсний бөхийн төрөлд 370 нийтдээ 1700-гаад өсвөрийн тамирчин ухаан бодол, хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдсан юм. Чөлөөт бөхийн багийн дүнгийн мэдээллийг онцлон хүргэвэл /2007-2010/ онд төрсөн эрэгтэй тамирчдын өрсөлдөөнд
1. “Аваргууд академи”
2. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ
3. “Алдар” спорт хороо
4. Өмнөговь
5. Завхан
6. Увс аймгийн баг тамирчид байр эзэлжээ. Харин /2007-2010/ онд төрсөн эмэгтэй тамирчдын өрсөлдөөнд багийн дүнгээр
1.Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ
2. Завхан аймаг
3. Увс аймаг
4. Говь-Алтай “Хантайшир”- 2 багийн тамирчид шалгарсан аж.
2005-2006 насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр Аварга дээд сургууль түрүүлж, Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ удаалав. Удаах байрт Баянхонгор, Увс аймгийн баг тамирчид шалгарлаа. Харин энэ насны эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Увс аймгийн баг тамирчид тэргүүлж, Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээ удаалж, Баянхонгор болон Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний хоёрдугаар баг шалгарчээ. Тэмцээнээс гадна Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар бүх тамирчдыг хамруулсан нэгдсэн сургалт удирдан явуулсан тухай холбогдох албанаас мэдээллээ.
Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээ, оюутан, залуучуудын “Ирээдүй Алтай” холбоо хамтран “Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төслийг амжилттай хэрэгжүүлж, үүний хүрээнд Алтай хотод Өсвөрийн тамирчдын спорт, сургалтын төвийг байгуулсан билээ. Үүний сацуу "Хантайшир" бөхийн дэвжээнээс шинэ залуу бөхчүүдийг бэлтгэн гаргах зорилгоор "Түмний манлай" төслийг Алтай нутагтаа гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.