Б.Баттөмөр, Д.Ганбат нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-26 14:57:39

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарт МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Одонтуяа нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай ирүүлсэн саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Дээрх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх үед АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг бүлгээрээ дахин зөвшилцөх шаардлагатай байгаа тул завсарлага авах санал гаргасан тул хэлэлцүүлэг хойшлогдсон. 


АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы энэ сарын 20-ны өдрийн хуралдаанд завсарлагааны хугацаа дуусгавар болсноо мэдэгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт тус намын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Ганбатыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай саналаа ирүүлсэн тул энэ асуудлыг дахин хэлэлцүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн аж. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Баттөмөр, Д.Ганбат нарын гишүүнийг тус дэд хорооны гишүүнээр томилохыг дэмжсэн байна.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогттоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

相关新闻