Оюуны тамирчид дэлхийн 5 дээд амжилт тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Филиппин улсын Манилла хотод 10 дугаар сарын 28-29-нд болсон Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 16 тамирчин боломжит 70 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Тус тэмцээнд Монголын баг тамирчид Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчин 2 өдрийн турш өрсөлдсөн юм.
Багийн төрөлд Монгол Улсын баг тамирчид 19711 оноо цуглуулан “Аварга баг” болсон бол ганцаарчилсан төрөлд 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Өсвөрийн дэлхийн аварга, Их мастер Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж аварга болжээ.
Дэлхийн 5 рекорд:
1. Олон улсын мастер Г.Мянганбаяр -“Зураг”-507
2. Б.Анужин -“Зураг”- 450 /өсвөр/
3. Их мастер Ц.Оюун-Эрдэнэ -“Хоёртын тоолол”- 5049 (өсвөр)
4. Олон улсын мастер Ц.Номин-Эрдэнэ -“Баганан үгс” - 299 /өсвөр/
5. Олон улсын мастер Э.Үүрийнцолмон -“Тооны марафон”-1780 /өсвөр/
Ташрамд мэдээлэхэд, Монголын Оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонгконг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 124 цом, 1333 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа аж.








