Халхын голын ялалтын 85 жилийн ойгоор Чойбалсанд маршал К.Жуковын хөшөөг босгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-10-31 15:28:36

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Халхын голын ялалтын 85 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж ойн бэлтгэл ажлын талаар мэдээллээ.


ОХУ-ын ЭСЯ-ны Хэвлэл мэдээллийн ажилтан Т.М.Сятчихина:

-Ойг угтаж, Улаанбаатар хот дахь маршал Г.К.Жуковын нэрэмжит талбайг сэргээн засаж дуусаад байна. Дорнод аймгийн төв Чойбалсан хотод ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөг босгох талаар шийдвэрлээд байна гэв.


Мөн ойд зориулсан шинэ баримтат киног бүтээхээр ОХУ-ын кино продакшн, продюсерын төвийн томоохон баг Монгол Улсад ирээд ажиллаж буйг мэдээллээ. Ойн жил Монгол-Оросын залуучуудын хамтарсан экспедиц аялуулах аж. Мөн ойг угтсан олон улсын эрдэм шинжилгээ, практикийн хурал зохион байгуулах юм байна.


Хэвлэлийн бага хуралд Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мягмарсүрэн, тус музейн захирал А.Чинбаян болон ОХУ-ын ЭСЯ-ны Цэрэг, агаарын цэргийн атташе П.В.Петрунин нар оролцов.


-Ойн үеэр ОХУ-аас ямар зочид төлөөлөгчид ирэх вэ? Эрдэм шинжилгээний хуралд Оросын эрдэмтэд ирэх үү?

ОХУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе П.В.Петрунин:

-Би улс төрийн хүн биш учраас төр, засгийн түвшинд ямар зочид, төлөөлөгчид ирэх, төрийн албан ёсны айлчлалын талаар одоогоор мэдээлэлгүй байна. БНХАУ-д болсон “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг Халх голын байлдааны 85 жилийн ойд урьж, ОХУ-ын төрийн тэргүүн урилгыг хүлээн авсныг та бүхэн мэдэж байгаа гэв.


Хэвлэлийн бага хурлын үеэр Халх голын байлдаанд оролцож явсан монгол дайчид, амьд гэрч улам цөөрч буйг Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн үүсгэн байгуулагч Л.Мягмарсүрэн хэлж, залуучууд улс орныхоо түүхийг мартаж болохгүй гэв.


ОХУ-ын зүгээс мөн Халх голын байлдаанд оролцож байсан дайчид тун цөөн үлдсэнийг мэдээлж, ялалтын 83 жилийн ойн үеэр бүс нутгийн хэмжээнд 3-хан хүн үлдээд байсан, өдгөө Чита хотод нэг оролцогч амьдарч буйг хэллээ. 


Нэмж мэдээлэхэд, Халх голын ялалтын 80 жилийн ойгоор маршал Г.К.Жуковын морьт хөшөөг Дорнод аймгийн Халхгол сумын төвд босгосон юм. Дөрвөн метр өндөр, уг морьт хөшөөг ОХУ-ын Эрхүү хотоос бэлэглэн байршуулжээ.


相关新闻