ТӨВ: Улсын онцгой комиссын ажлын баг Лүн, Эрдэнэсант суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-08 17:20:23

Зуунмод 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын баг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант суманд ажиллаж байна.

 

Ажлын багийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч байна. 

 Энэ үеэр туулах чадвар сайтай таван Урал Зил 131 машиныг цэргийн ангиудаас гаргуулан хаагдсан замын цасыг цэвэрлэж, айл өрхүүдэд эмнэлгийн болон хүнс хангамжийн тусламж үзүүлж байна.

 

Түүнчлэн сум дундын ойн ангийн фургон автомашинаар хүч нэмэгдүүлэн цасанд боогдсон замыг нээж, өвөлжөөндөө бууж амжаагүй айл, өрхүүдийг өвөлжөөнд нь буулгаж, цасанд суусан тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 24 цагаар ажиллажээ.

 


Хамгийн сүүлийн мэдээгээр цасны зузаан 30-35 см байсан бөгөөд энэ байдал улам нэмэгдэх төлөвтэй байгааг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 


相关新闻