ЕТГ: Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-13 10:37:42

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тохиодог. Энэ дагуу “Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах зорилгоор 2005 оноос уг шагналыг гардуулж ирсэн. Энэ жилийн одонг Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад хүртээхээр боллоо. Тус чуулга анх 1992 онд байгуулагдсан 31 жилийн түүхтэй бөгөөд Монголчуудын өв соёл, түүхийг сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрийг оруулж, хилийн чанадад түгээн дэлгэрүүлж ирснийг уламжилж байна" гэв.


Соёлын сайд Ч.Номин энэ үеэр хэлэхдээ Морин хуур хөгжмийг 2003 онд ЮНЕСКО бүртгэсэн болохыг тэмдэглэсэн юм. Түүнчлэн уг чуулга 38 хүний орон тоотойгоор уран бүтээлээ туурвидаг ба орон тоог нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж буй. Ойрын үед тодорхой шийдвэр гаргана гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээллийнхээ төгсгөлд онцлов.



相关新闻