Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс Ганзоригийн Тэмүүлэнг Төсвийн байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулсан байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил, дахин жилийн хугацаагаар улируулан сонгож болно гэж заасан.
Хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Төсвийн байнгын хорооны даргад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэхийг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжсэн байна.