Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр
сарын 24 /МОНЦАМЭ/. Иргэний агаарын хувийн хэвшлийн тээвэрлэгч “Аэро Монголиа” компани хоёр дахь “Airbus 319-115” агаарын хөлгөө өнөөдөр хүлээн авлаа.
“Airbus” үйлдвэрийн тус нисэх онгоц нь 143 хүний суудалтай, алсын нислэг үйлдэх онцлогтойг тус хөлгийг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр танилцууллаа. “Аэро Монголиа” ийм агаарын
хөлөгтэй болсноор нислэгийн давтамжаа
нэмэгдүүлж, Сөүл, Токио, Ханой,
Хөх хот руу хямд зардлаар аялах
боломжийг эхлүүлж буй аж.
Түүнчлэн БНХАУ,
БНСУ,
Сингапур болон Вьетнам улс гэсэн олон
чиглэлд аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж
илүү нээлттэй болж буйг компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар мэдээллээ.
Тэрбээр, "Манай компани хоёр дахь Airbus-А319 хөлөгтэй болж байна. Ингэснээр хос агаарын хөлгөөр нэг нэгнээ дэмжин ажиллаж агаарын тээврээр зорчигчдыг найдвартай хүргэх бололцоо үүссэн. Бид гадаад нислэгээ Токио, Сөүлийн чиглэлд голлон үйлддэг. Энэ нислэгүүдийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо” гэв.

Ташрамд мэдээлэхэд Засгийн
газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Шинэ
сэргэлтийн бодлого”-ын
агаарын тээврийн либералчлах зорилт хэрэгжиж, ЗТХЯ-наас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр
дүнг тооцох жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарт хямд тийз, хүртээмжтэй
нислэг гэсэн зорилт тавин дэлхийн 40 улсын 105 чиглэлд нислэг үйлдэх
боломжийг нээгээд байна.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ, "Өнгөрсөн онтой 2023 оныг харьцуулбал нийт нислэгийн тоо 90
хувиар өссөн. Мөн дотоод нислэг сэргэж, зорчигчдын тоо 3.4 дахин нэмэгдлээ.
Агаарын тээврийн компаниудад боломж олгосноор гадаад, дотоодын нислэгийн тоо ихэсэн нэмэгдэж, тийзийн
үнэ хямдарна. Өмнө нь БНСУ руу хоёр авиа компани нислэг үйлддэг байсан. Харин
одоо Монгол Улсын 3, БНСУ-ын дөрвөн авиа компани нислэг үйлддэг. Агаарын
тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого амжилттай хэрэгжиж байна” гэлээ.

"Аэро Монголиа” компанийн
хувьд 2003 оноос олон улсын болон орон нутгийн
чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж
байна. Тус компани 145 хүний суудалтай “Аirbus 319-112”, мөн 143
хүний суудалтай “Airbus 319-115”, 50 хүний
суудалтай “Embraer ERJ145” агаарын
хөлгүүдтэй, олон
улсын чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон
нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увсын чиглэлд нислэг
үйлдэж байна.
Нисэх онгоц хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд ИНЕГ болон "Аэро Монголиа" компанийн хамтрагч байгууллагын төлөөлөл, албаны хүмүүс оролцов.