Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цол гардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн нэгдсэн төгсөлт, “Эрдмийн баяр” Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх ёслолд оролцож, үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүсэв.
Төгсөгчид улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Цаашид шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн, мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь байхыг захилаа.
Мөн чадварлаг, мэргэшсэн төрийн тусгай албыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж ирсэн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтан, алба хаагч нарт төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.