Дэлхийн палентологийн тэргүүлэх эрдэмтэд Монголын үлэг гүрвэлд хийсэн судалгаагаа хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНМонгол, ОХУ-ын хамтарсан палентологийн экеспедицийн 70 жилийн ойд зориулан дэлхийн зургаан орны 36 эрдэмтэн, судлаач өнөөдөр Улаанбаатар хотноо чуулж тус салбарт хийсэн судалгаагаа танилцуулж, санал бодлоо хэлцэв.
Хуралд дэлхийн палентологийн салбарын тэргүүлэх эрдэмтэд болох Монголын ШУА-ийн гишүүн, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн академич, доктор Р.Барсболд, ОХУ-ын ШУА-ийн захирал А.Ю.Розанов, Нью-Йорк хот дахь Америкийн Байгалийн түүхийн музейн Палентологийн тэнхимийн эрхлэгч Марк Норэлл зэрэг эрдэмтэд Монголд хийсэн судалгаагаа танилцуулсан юм.
1946 онд ЗСБНХУ-ын палентологийн нэгдүгээр экспедиц Өмнөговь аймгийн “Нэмэгтийн хөндий”-д малтлага хийж өвсөн тэжээлт, дөрвөн хөлт Нэмэгтсаурус, махан идэшт Тарбозавр Батаар, хуягт Талаурус, нугасан хошуут Сауролопус зэргийг олсон байдаг. Энэхүү үеэс Монгол, ЗХУ-ын хамтын судалгааны ажил эхэлсэн түүхтэй. 1947-1948 онд хоёрдугаар экспидец, 1949 онд гуравдугаар экспедицийг явуулж их хэмжээний чулуужсан яс, үлэг гүрвэлийн өндөг зэргийг илрүүлж байжээ.
Дэлхийн үлэг гүрвэлийн тавны нэг нь Монголоос олддог бөгөөд палентологийн баялгаараа дэлхийд хоёрдугаарт ордог байна. Монголын нутгаас хамгийн анхны үлэг гүрвэлийн бүтэн өндгийг 1923 онд Рой Чэпмэн Эндрюсийн ахалсан экспедицийн багийнхан олж байжээ.
Монголын палентологийн салбарын өнөөгийн байдлын талаар академич, доктор Р.Барсболд хэлэхдээ“1923 оны Эндрюсийн экспедицээс хойш Монгол Улс дэлхийн палентологийн салбарт маш том хувь нэмэр оруулсан бөгөөд дэлхийд палентологийн салбарт дээгүүрт ордог. Монгол Улс бол дэлхийн палентологийн салбарын салшгүй нэг хэсэг гэдгийг дэлхийн эрэдмтэд хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч өнөөдрийн энэ хуралд олон эрдэмтэд хүрэлцэн иржээ. Монголын палентологийн салбарт нэн чухал зүйл бол хөрөнгө оруулалт. Хэдийгээр Монгол орон маань палентологийн салбарыг тэргүүлдэг судлагдахуун, судлаачийн нөөц бололцоо их байдагч ч хөрөнгө мөнгөгүйн улмаас ахиж дэвшил гарахгүй байна” гэв.
Монголын ШУА-ын палентологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатараас цаашид ямар орнуудтай хамтарсан судалгаа хийхээр төлөвлөөд байгаа талаар лавлахад “Ямар улс орон палентологийн судалгаагаар тэргүүлж байна, тэр улстай хамтран ажиллахад бэлэн. Энэ салбартаа тэргүүлэгчид болох АНУ, Канад, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Польш зэрэг оронтой цаашдаа хамтарч ажиллана. Манай хүрээлэн боловсон хүчнээ өөрсдөө бэлтгэж эхэлсэн. Улаанбаатар их сургуульд палентологийн анги шинээр нээлээ. Мөн МУИС, ШУТИС-д шинээр анги нээж, өөрсдөө багшлахаар төлөвлөөд байгаа” гэлээ.
Тус эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэд ийнхүү судалгааны бүтээлээ хэлэлцэж, санал солилцсон бөгөөд маргааш Монголын анхны Тарбозавр Батаар олдсон Өмнөговь аймгийн “Нэмэгтийн хөндий”-г зорих юм.
Г.Даваамаа
Гэрэл зургийг Н.Батбаяр