ХЭҮК-ын даргын үүрэгт ажлаас Ж.Хунаныг чөлөөлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-29 13:54:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар тус комиссын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хуралдаанд танилцуулсан юм. УИХ-аас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр энэ үеэр тэмдэглэв. Сүүлийн үед гарсан хүний эрхийн, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар Хүний эрхийн Үндэсний Комисст тодорхой үүрэг чиглэл өгч ажиллан, тус комиссын гишүүдтэй уулзалт хийсэн талаараа УИХ-ын дарга хэллээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй хийсэн уулзалтуудаас тодорхой санал гарсан байна. Үүнд үндэслэн тус комиссын дарга Ж.Хунангаас УИХ-ын даргад хүсэлт ирүүлснийг дурдаад Г.Занданшатар дарга байнгын хорооны хуралдаанд танилцуулав.


Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүрэгт ажлаас Ж.Хунаныг чөлөөлөхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд 70 хувийн саналаар дэмжсэн. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 


相关新闻