Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-06 15:24:32

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.


Ирэх оны хаврын улирлын үеэрх хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.


Нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан аж. Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 8000.0 тн мах бэлтгэж нөөцлөхөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллаж байна.

相关新闻