Б.Батмэнд: Арванхоёрдугаар сар эхэлснээс хойш 971 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “УБТЗ ХНН ОХУ, БНХАУ-аас ирж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь түргэн шуурхай тээвэрлэх дээр онцгой анхааран ажиллаж байна. Арванхоёрдугаар сар эхэлснээс хойш ОХУ-аас 971 вагон буюу хоног тутам 80-90 вагон нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байна. Үүнээс АИ-92 бензин 273, дизелийн түлш 632 вагон импортоор орж ирсэн. Өчигдөр 22:10 цагт ОХУ-аас 28 вагон нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн. Дизелийн түлш 11 вагон, үлдсэн нь АИ-92 байлаа.
БНХАУ-аас
арванхоёрдугаар сард 30 мянган тонн
дизелийн түлш нарийн царигаар хүлээн авч шилжүүлэн ачилт хийж, хүрэх өртөө рүү
нь явуулах ажлыг зохион байгуулж байна. Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эхний
44 вагоныг “Шунхлай” компани оруулж ирсэн. Арванхоёрдугаар сарын
8-нд “НИК” 45 вагон оруулж
ирсэн. Гурав дахь цуваа буюу “Шунхлай” компанийн 46 вагоныг өнөөдөр орой
22 цагт Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар оруулж ирэхээр
төлөвлөн ажиллаж байна. Нийт 545 вагоноос 136-г нь өнөөдрийн байдлаар хүлээн авч
ажиллаж байна” хэмээн
ярилаа.