Ляонин мужтай хамтын ажиллагааг идэвхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-13 13:26:05

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар БНХАУ-ын Ляонин мужийн Худалдааны Танхимын орлогч дарга Сүй Еэ Туо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.


Уулзалтын хүрээнд Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах Ляонин муж нь Монгол Улстай хамгийн ойр далайн боомттой муж гэдгийг ноён Сүй онцлоод, Монгол Улстай боомт, тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлд хамтарч, тэр дундаа ноос ноолууран эдлэл, махан бүтээгдэхүүн, хятад маягаар амталсан борц худалдан авах хүсэлтэйгээ илэрхийллээ.


МҮХАҮТ-аас Монголд үзэсгэлэн, логистикийн төв барих шаардлагатайг тэмдэглээд, “UB Expo Үзэсгэлэн, Логистикийн төв” төслийг танилцуулж, Хятадын төлөөлөгчдийг хамтран ажиллахыг хүссэн юм.


Талууд өөрсдийн сонирхсон салбарын чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох уулзалт, хурал, харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахад санал нэгдсэнийг МҮХАҮТ мэдээлжээ. 

相关新闻