“Эрдэнэт” үйлдвэр энэ онд 36.9 сая тонн хүдэр боловсруулснаар түүхэн дээд амжилт тогтоож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Мөн үйлдвэрийн үндсэн орд Эрдэнэтийн
овооны ордыг нээгээд 60
жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр
байгуулаад 50
жил болжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдөр 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1 тэрбум ам.долларыг Монголбанканд, 2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр ажиллаж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон ойн баярын мэндчилгээндээ онцолсон байна. Тэрбээр, “Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэжээ.
“Эрдэнэт үйлдвэр” 2022 онд 33.6 сая тонн хүдэр боловсруулсан бол энэ онд дээрх тоог 36.9 сая тоннд хүргэж байгаа нь түүхэн дээд амжилт болж байгаа аж.
Монгол Улсын Баатар Эрдэнэтийн уурхайчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он
хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан их бүтээн байгуулалт,
томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эх орныхоо газрын баялгийг
хаягдалгүй, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн байгаль орчинд ээлтэй,
хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна хэмээн тэрбээр тодотгон хэллээ.
Монгол Улсын эдийн засагт “Эрдэнэт
үйлдвэр”-ийн эзэлж буй байр суурь, хувь нэмрийг өнгөрсөн оны байдлаар дурдвал:
- 6850 ажилтантай ажилласан нь Монгол Улсад ажил эрхэлж буй иргэдийн 0.6 хувийг эзэлжээ.
- Үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын ДНБ-ий 6.3 хувь болжээ.
- Төсвийн орлогод 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь Монгол Улсын нийт төсвийн
орлогын 10.5 хувь,
- Нийт экспортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллар болсон нь Монгол Улсын нийт экспортын 9.4 хувийг тус тус эзэлжээ.