Худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 44.0 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 11 сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлт гарчээ.
ҮСХ-ноос мэдээлснээр ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2.5 дахин нэмэгдээд байна. Энэ нь 2015 оны түвшинтэй харьцуулсан дүн аж. Ажиллагчдын цалин ийнхүү нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 44.0 хувиар мөн нэмэгджээ.
Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагсдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалингийн хэмжээ хамгийн бага, 1.3 сая төгрөг байна. НДЕГ-ын тайланд хамрагдсан 768 мянган ажилчдын нэг сарын дундаж цалин 1.6 сая төгрөгт хүрээд байгааг ҮСХ-ны Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар мэдээллээ.
Тодруулбал, НДШ төлсөн ажиллагчдын 11.4 хувь буюу 87.6 мянга нь 550 мянга хүртэлх төгрөгийн цалинтай, 14.7 хувь буюу 112.6 мянга нь 3.0 сая төгрөгөөс дээш хэмжээний цалинтай байна. Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл ТӨҮГ-т ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.4 сая төгрөг бол ЗГБХ (Зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай)-ын нөхөрлөлд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.