Хилчид хүний амь аварчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч буй. Цас их орсны улмаас орон нутгийн зам зорчиход хүндрэлтэй болж, зарим давааг түр хугацаагаар хаах хүртэл зохицуулалт хийж байсан билээ.
Тэгвэл Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэн байжээ. Тэднийг Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг олж, анхан шатны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна. Эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчид энэ онд эрдэнэт хүний амь аварсан нь анхны тохиолдол биш.
Хоёр хоногийн өмнө л гэхэд Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэгийг Хилийн цэргийн 0264 дүгээр салбарын хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Шивээт уул нэртэй газар гэрээсээ 17 км-т төөрч, осголтын байдалтай байсныг 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 03:05 цагт олж илрүүлэн эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байдаг.