“Шунхлай” групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагчдын нэг “Шунхлай” групп 30 жилийн ойгоо тохиолдуулан групп компанийн нийт 7500 ажилтандаа талархал илэрхийлж, АПУ ХК-ийн хувьцаа эзэмших эрх олгох шийдвэр гаргалаа. Тиймээс нийт ажиллагсдаа “Шунхлай” группийн 30 жилийн ойн хүрээнд, АПУ ХК-ийн 100 жилийн ойг угтан ажилласан жилийг 100 хувьцаатай үржүүлэн хувьцаа эзэмшүүлж байна.
“Шунхлай” группийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан “Группийн нийт ажиллагсад маань хамтран хувьцаа эзэмшигч болсноор группийнхээ ирээдүй, хөгжлийн зорилгоо хамтын зорилго болгох, хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч, хөрөнгө оруулагч болох суурь тавигдана гэж үзэж байна. Тиймээс өмнөх 30 жилтэй харьцуулшгүй хурдаар хөгжин өөрчлөгдөх хэтийн ирээдүйг алслан тодорхойлж “Шинэ хил хязгаар руу манлайлах” уриан дор улс орныхоо тогтвортой ирээдүй, хөгжилд нэн шаардлагатай байгаа эрчим хүчний шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжлийн хурдасгуур болохыг “Шунхлай” группийнхээ хэтийн зорилго болгож байна” гэв.
АПУ ХК нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани бөгөөд том хувьцаа эзэмшигч нь “Шунхлай Холдинг”, “HEINEKEN” компани байдаг. Монголын хөрөнгийн биржид зах зээлийн үнэлгээ, ногдол ашиг, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо, хөрвөх чадварын үзүүлэлтээр тэргүүлэх байр суурьт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэлгээ 10 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд үүний 12 хувийг АПУ ХК эзэлж байна.
Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхэн үед гараагаа
эхэлсэн “Шунхлай” групп нь өдгөө жилдээ 2.5 их наяд
төгрөгийн борлуулалт хийж, улсын төсөвт 630 гаруй тэрбум төгрөгийн татвар
хураамж төлж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, худалдаа, технологийн
бизнесүүдээс бүрдсэн найман
чиглэлд 20 гаруй компанийг хамруулсан
үйл ажиллагаа явуулж байна.