Нийслэлийнхэн “Мазаалай” мөсөн хотхонд жаргалтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улс “Мазаалай” олон улсын цас, мөсний фестивалийг анх удаа зохион байгуулж байна. Энэ фестивалийн хүрээнд мөсөөр урлаачдын олон улсын тэмцээн болж, Гиннесийн дээд амжилт хүртэл тогтоогоод амжсан. Мөсөн хотхоноос хийсэн сурвалжилгаа хүргэе.
“Мазаалайг хайрлая”
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мазаалай” мөсөн хотхоныг бүтээн байгуулж, Монгол Улсад анх удаа “Save Mazaalai” олон улсын мөсөөр урлаачдын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, ОХУ-ын Саха Якут, БНХАУ, Тайланд, Франц, АНУ, Монгол гэсэн долоон орны 12 багийн 24 урлаач оролцов. Энэхүү үйл явдал нь Монголын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болохоос гадна олон улсад өөрийн орныг сурталчлахаас гадна жил бүр уламжлал зохион байгуулах үйл ажиллагааны нэг болж байгаа юм. Хамгийн гол нь дэлхийд нэн ховордсон, зөвхөн Монголын нутагт байх мазаалайг хамгаалах чиглэлээр дэлхий дахинд маш том мессеж өгсөн уралдаан болсныг зохион байгуулагчид болон урлаач, сонирхогчид онцолж байлаа.
Сахагийн оролцогчид ярихдаа, “Бид бөөгийн шашинтай, од эрхсээ шүтдэг. “Мазаалайг хайрлая” уриатай энэ тэмцээнд шашнаараа дамжуулж нэн ховор уг амьтныг хамгаалъя гэж од эрхэстээ даатган хүсэж буйгаар бүтээлээ урлалаа. Заавал мазаалайн дүрсийг оруулалгүй, илүү өвөрмөц байдлаар илэрхийлэхийг зорьсон” гэв. Анхдугаар уралдаанд Францын баг тэргүүн байрт шалгарсан бол Монголын урлаачид дэд байр эзэллээ. Харин Саха Якутын баг гуравдугаар байрт шалгарсан юм. Тусгай байрт ОХУ-ын урлаачид оров.
Францын багт Самуэл Жиро, Монголын сийлбэрчин Б.Доржнамжил нар багтсан байлаа. Жиро “Мазаалай аюултай байдалд байна шүү. Бүгдээрээ дэлхийн ховордсон энэ амьтныг хамгаалахгүй бол болохгүй нь гэсэн мессежийг бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон. Монголд зохион байгуулсан энэ уралдаанд оролцох нь нэр төрийн хэрэг байлаа. Түрүүлнэ гэж огт бодоогүй. Итгэмээргүй байсан шүү” хэмээсэн бол түүний хамтрагч Б.Доржнамжил “Маш чадварлаг багуудтай өрсөлдөж түрүүллээ. Маш их баяртай байна. Түрүүлнэ гэдэгтээ итгэлгүй байсан. Бүтээлийн санааг Самуэл гаргасан юм. Гол хүндрэл нь хэлний бэрхшээл байсан ч хоёулаа олон жил цас, мөсөөр бүтээл урлаж байгаа учраас ойлголцоход амархан байлаа” гэв.
Тэгвэл дэд байрт шалгарсан Монголын урлаачдын “Говийн сахиус” бүтээл нь говь нутгийн байгалийг илтгэж, мазаалайг говийн наран үргэлж ивээгээсэй, зөвхөн Монголд цөөн тоогоор байх эл амьтныг битгий таслаасай гэх санааг илэрхийлж сэтгэжээ. Уралдаанд оролцсон 12 багийн бүтээл бүр өөрийн гэсэн утгатай. Алган дээр буй мазаалай гарын салаагаар элс болон урсаж буйгаар энэ амьтны тоо толгой цөөрч байна гэдэг санаа уралдааны онцлох мессеж байв. Халуун орноос хүйтэн улсыг зорин ирсэн Тайландын урлаачдын сэтгэгдлийг сонсоход “Монголд ирсэндээ баяртай байна. Чадлынхаа хэрээр бүтээлээ урлалаа. Мазаалай гэх амьтныг хайрлаж, хамгаалах мессежээ илэрхийлсэн. Манай улсад халуун. Харин энд хүйтэн байна. Хүйтэнд мөсөөр бүтээл урлах тийм ч амар байсангүй. Мөсний наадамд оролцсондоо сэтгэл хөдөлж, маш их бахархлаа” хэмээв.
Харин шүүгч Ц.Батмөнх ярихдаа “Бүтээлүүдийг шүүх амаргүй байлаа. Гэхдээ Францын багийн бүтээл бусдаас арай онцгой байсныг дурдах хэрэгтэй болов уу. Зохиомж, харагдах байдал, гүйцэтгэл, тогтоц зэргийг нь харж шалгаруулсан” гэлээ. Дэлхийн нэн ховордсон амьтнаар нэрлэсэн цас, мөсний фестиваль, мөсөөр урлаачдын олон улсын уралдааныг цаашид жил бүр зохион байгуулах аж.
Монголын анхны мөсөөр урласан морин хуур Мазаалай фестиваль
дээр эгшиглэв
Энэхүү фестивалийн үеэр мөсөөр морин хуур урлаж, алдарт “Уяхан замбуу тивийн наран”, “Жонон харын явдал” зэрэг бүтээлийг эгшиглүүлсэн нь олны анхаарлыг зүй ёсоор татлаа. Их хуур 50 гаруй кг жинтэй бол бага хуур 10 кг байв. Энэхүү бүтээлийг морин хуур урлаач С.Баярсүрэн урлаж олны нүдийг хужирласан юм.
Тэрбээр эл бүтээлээ тав хоногт урласан бөгөөд энэ тухайгаа ярихдаа “Мөсөөр урласан учраас алдах зүйл байсан. Амар байгаагүй. Анх 2016 онд мөсөн хотхоны нээлт дээр мөсөөр урласан хоёр морин хуур тоглож байлаа. Тэндээс л сэдэл төрсөн. Харин Монголд зохион байгуулж буй анхны олон улсын цас, мөсөөр урлаачдын уралдааны үеэр боломж олдсонд баяртай байна. Энэ үед л дуугаргаж үзье гэсэн бодолтойгоор урлаж эхэлсэн. Мөс өөрөө дуу дамжуулах увидас өндөртэй материал юм. Хүмүүс таатай хүлээж авсанд баяртай байна” гэв. Тэгвэл уг мөсөөр урласан морин хуурыг эгшиглүүлсэн “Домог” хамтлагийн ахлагч, морин хуурч Б.Бат-Орших ярихдаа “Өмнө нь мөсөн хуураар гадаа тоглохыг харж байсан. Энэ удаа дотор тоглолоо. Хайлах гээд байсан учраас хурдтай тоглолоо. Цаашид мэргэжлийн дуугаралтыг судалж, түүнд тохирсон микрофоныг олбол болохоор байна. Анх удаа мөсөөр урласан морин хуур тоглосондоо үнэхээр их бахархаж байна. Үндсэн хуураас дуугаралтын хувьд нэг их ялгаа алга. Хамгийн хэцүү нь хүндийн жин байлаа. Энэ хуур 10 кг бол биднийх 2-3 кг л байдаг. Мөн дотор тоглоход хайлаад гулгамтгай байсныг шийдэх боломжтой биз” хэмээсэн юм.
Мөсөөр урласан морин хуурыг үзэгчид ихээр сонирхож байсан бөгөөд зарим нь өөрийн биеэр дуугаргаж үзэхийг илүүд үзэж байлаа.
Мөсөн хотхон хөл хөдөлгөөн ихтэй байна
Цаг агаар тогтуун, дулаахан энэ өдрүүдэд “Скай ресорт”-д байгуулсан мөсөн хотхон хүний хөдөлгөөн ихтэй байна. Сурагчдын амралт үргэлжилж байгааг ч хэлэх үү сургуулийн автобус хөлөглөсөн сурагчид, эцэг, эхээ дагасан бяцхан багачуудын хоолой ёстой л нэг цангинаж, хүн бүрийн царайд инээмсэглэл тодорч байлаа. Олон хүн зэрэг гулсах боломжтой мөсөн гулсуур, мөн 50 метр өндөртэй мөсөн гулгуур нь аюулгүй байдлыг сайтар хангажээ.
Түүнчлэн “Степп Арена”-гийн аюулгүйн зааварлагчид тэшүүрээ аваад “Мазаалай” мөсөн хотхонд очсон байлаа. Хүн ихтэй учраас гулсуур, мөсөн талбай бүгд дараалал ихтэй. Гэсэн ч хүүхэд, залуус аз жаргалтайгаар хүлээх нь сэтгэлд дулаан. Мөсөн хотхонд хийсэн бүтээн байгуулалтууд дээр сайн дурын ажилтнууд ажиллах бөгөөд тэд иргэдийн, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангаж байлаа. “Скай ресорт”-д агаарлаж яваа нэгэн гэр бүлтэй тааралдлаа. Өрхийн тэргүүн нь өнөөдөр амралттай байж таарчээ.
Тэрбээр ярихдаа “Манайх дөрвөн хүүхэдтэй. Бага удахгүй ой хүрнэ. Гадаа дулаахан бол өдрийнхөө хоол, ундыг гэртээ бэлтгээд энд ирлээ. Үнэхээр сайхан байна. Хүүхдүүд маань даарахаа мэдэхгүй тоглож байна. Сурагчдын амралт эхэлснийг хэлэх үү хотод тухтай үйлчлүүлэх газар хүүхдүүдэд алга. Ахлах ангийн сурагчид нь ганц, нэг кино үзэхээс цаашгүй. Харин энэ мөсөн хотхон үнэхээр таалагдаж байна. Ядаж л цэвэр агаараар амьсгална. Дулаан ортол байлгаасай л гэж бодож байна” гэв.
Хэдийгээр ажлын өдөр байсан ч хүний хөдөлгөөн тасрахгүй, их байгааг сайн дурын ажилтнууд ярьж байсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс тавьж буй шаардлагыг зөвөөр хүлээж авахыг хүсэж байсан юм. Нэг хэсэг нь шаардлагыг хүлээж авч байхад нөгөө талд уцаарлах, дургүйцлээ илэрхийлэх, шаардлага тавьсны төлөө бухимдлаа илэрхийлэх иргэд ч цөөнгүй байгааг онцоллоо.