Шинээр боловсруулсан есөн журмыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-18 15:29:16

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.


Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дээрх 16 журмаас өнөөдөр есийнх нь танилцуулгыг хийв. Ингэхдээ хамгийн түрүүнд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг танилцууллаа. Журмаар энэхүү сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг дарга удирдах юм. Сангийн хөрөнгө нь Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд заасны дагуу авто замын төлбөртэй бүсийн төлбөрөөс бүрдэнэ. Мөн нийтийн тээврийн автобусыг төлбөртэй ашиглаж байгаа аж ахуйн нэгжээс төлөх төлбөр, нийтийн тээврийн хэрэгслийн гадна дотно байршуулсан болон автобусан дахь дэлгэц дээр явуулсан зар сурталчилгааны орлогоос бүрдүүлэхээр тооцжээ. Мөн эдгээр автобусыг нийслэлийн харьяа олон нийтийн өмчит автобус компани болон хувийн секторуудад өгөхөөр төлөвлөж байгаа аж. Тэгэхдээ Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмын дагуу эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох юм.


Тэрбээр “Нийтийн тээврийг хөгжүүлэх санг мөнгөжүүлж чадвал дахин дунд оврын болон их багтаамжийн автобус худалдан авах боломж бүрдэнэ. Мөн такси үйлчилгээ, дүүжин тээвэр, метро зэрэг нийтийн тээврийн бусад хэрэгслийн төслийг санхүүжүүлэх боломжтой болно” гэлээ. Танилцуулсан зарим асуудлыг багцлан хүргэе.


Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журмын төслийг хэлэлцэв. Хотын хүн амын өсөлт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос хамааран сүүлийн жилүүдэд Улаанбаатарт авто зогсоолын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн. Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгддэг. Дэлхийн ихэнх улс оронд бүх авто зогсоол төлбөртэй байх зарчим баримтлан, зогсоолын зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой гэж үздэг. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто замын түгжрэлийг бууруулах, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх хүрээнд энэхүү журмын төслийг боловсруулсан байна. Хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт өмчийн хэлбэрээс үл хамааран авто зогсоолын төрөл, тэдгээрийн нийтлэг шаардлагыг хотын стандартаар тогтоохоор тусгажээ. Бүх төрлийн авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэгч нь нэгдсэн системд холбогдсон байна. Ингэснээр иргэд сул чөлөөтэй авто зогсоолын мэдээллийг авах боломж бүрдэнэ. Мөн авто зогсоолоор үйлчлүүлж буй этгээдийн тоон мэдээллийг үнэн зөв гаргах боломж бүрдэх аж. Зогсоолыг:


Төвлөрсөн ил авто зогсоол

Төвлөрсөн дотор авто зогсоол

Орон сууцны хороолол дундах авто зогсоол

Гудамж, зам дагуух авто зогсоол

Их багтаамжтай газар доорх авто зогсоол

Их багтаамжтай олон давхар зогсоол

Гол гудамж, зорчих хэсгийн хажуугийн зогсоол гэж төлөвлөнө.

Мөн авто зогсоол барьж байгуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Эцэст нь дотоод гадаадын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр барьж байгуулах боломжтой байхаар тусгажээ.



Нийтийн тээвэрт нэг төлөлтөөр дөрвөн удаа үйлчлүүлэх төлбөрийг 1000 төгрөг болгоно

Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөг байхаар төсөлд тусгажээ.


Нэг удаагийн энэ төлбөрөөр өдөрт дөрвөн удаа нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эрх бүрдэнэ. Улмаар иргэнд ирэх төлбөрийн ачаалал буурна, мөн нийтийн тээврийн салбарын алдагдал ч багасна гэж тооцжээ.


Эдгээр асуудлыг энэ сарын 25-нд болох НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

 


 

相关新闻