Хилчид хүний амь аварлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин хээр эвдэрч, зургаан иргэн осгох эрсдэлд орсон тухай дуудлага өчигдөр оройн 19:18 цагт хилчдэд иржээ.
Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч, ахлах дэслэгч Д.Билгүүний ахалсан, ахлах ахлагч Г.Алтанбагана, Х.Дүйсенбек нарын бүрэлдэхүүнтэй бүлэг шуурхай эрэлд гарсан байна. Тэд салбараас 30 км зайд, өвөлжөөгөө эргээд буцаж явсан, Үенч сумын иргэн Б, М нарын зургаан иргэний амь насанд учирч болох эрсдэлээс хамгаалж чаджээ.
Иргэдийн биеийн байдал хэвийн, бүгд эсэн мэнд гэртээ харьсан байна.