“Ажлын байрны бэлгийн дарамт”-ын эсрэг хэлэлцүүлэг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсээс “Ажлын байрны бэлгийн дарамт- Эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” төслийн хүрээнд эмэгтэйчүүдийн ТББ-уудын эвсэл санаачлан зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
“Энэ удаагийн хэлэлцүүлгийн зорилго нь ажлын байрны бэлгийн дарамтлалыг зогсоохын тулд хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа тусгахад оршиж байгаа” хэмээн Төв аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Нямсүрэн хэлсэн юм. Тэрээр мөн “ажлын байрны бэлгийн дарамт нь нууц далд үйлдэгддэг тул үүнийг олон нийт мэдэхгүй байх, цаашлаад бэлгийн дарамт үзүүлж буй албан тушаалтан, иргэн хариуцлага хүлээхгүй байх эрсдэлтэй юм. Иймд дарамт үзүүлж буй этгээдэд хуулийн хариуцлага ногдуулахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссаныг УИХ-аар хэвээр нь батлуулах шаардлага байгаа” гэлээ.
Мөн “ажлын байрны бэлгийн дарамт нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд хохирол учруулах төдийгүй хөдөлмөр эрхлэх, хөгжих, өөртөө итгэх итгэл болон өөрөө шийдвэр гаргах эрхэд бүхэлд нь халдсан хүйсийн хувьд ялгаварлан гадуурхсан үйлдэл юм” хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд Төв аймагт ажлын байрны бэлгийн дарамтлалтай холбоотой ноцтой хэрэг гарсан. Ийм төрлийн хэргийг цаашид гаргахгүйн тулд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгаа юм.
Т.Есүхэйтөмөр