“Дархан цом-2024” мөсний загасчлалын тэмцээнд 24 багийн 100 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, БОАЖГ, “Дарханы загасчлалын спортын холбоо”-ноос зохион байгуулсан “Бурхантын өвлийн наадам-2024” өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд мөсний загасчлалын “Дархан цом-2024” нээлттэй тэмцээн боллоо.
Энэ сарын 20-21-ний өдөр Дархан сумын нутаг “Түшиг-Уул” ХХК-ийн хиймэл нуурт зохион байгуулсан тэмцээнд загасчлалын спортын 24 багийн 100 орчим тамирчин, 20 гаруй шүүгч, дасгалжуулагч оролцлоо.
Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг уг нээлттэй тэмцээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотоос “Нукер” клубийн тамирчид ирсэн бол Монголын багт ОХУ-ын легионер тамирчин оролцсон нь тэмцээн илүү сонирхолтой болсон гэж зохион байгуулагчид онцоллоо.
Хоёр
өдрийн турш үргэлжилсэн өвлийн аялал, жуулчлалыг хөгжүүлэх, мөсний загасчлалын
тэмцээний аваргуудаар дараах багууд тодорчээ.
Үүнд багийн дүнгээр тэргүүн байрт 19 оноогоор “Дархан” клуб шалгарч өргөмжлөл, цом 800.000 төгрөгөөр шагнуулсан байна. Харин дэд байрт 30 оноогоор “Hook Anglers” клуб, гутгаар байрт 36 оноогоор “Найзууд” клуб тус тус шалгарчээ.
Багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэхээс гадна тамирчдын хувийн амжилтыг шалгаруулж байр эзлүүлсэн аж. Хувийн дүнгээр тэргүүн байрт дөрвөн оноогоор Дархан клубийн тамирчин Д.Амгалан, дэд байрт таван оноогоор "Найзууд" клубийн тамирчин С.Хүсэлжаргал, гутгаар байрт зургаан оноогоор "Корморант" клубийн тамирчин Н.Отгонбаяр нар шилдгүүдээр тодорчээ.
Тэмцээний хамгийн том загасыг 120/19 клубийн тамирчин Ц.Тулгачулуун /1302гр алгана загас/ барьсан бол мөсний өрөмдлөгийн аваргаар "Дархан" клубийн тамирчин Д.Амгалан, хөгжилтэй буухиа тэмцээний аварга мөн "Дархан" клубийн тамирчин А.Ууганбаатар нар тэргүүлжээ.
“Дархан цом-2024” тэмцээн нь ирэх гуравдугаар сард Монгол улсад зохион байгуулах дэлхийн аварга шалгаруулах мөсний загасчлалын сорилго болсноороо онцлог, зохион байгуулалт сайн боллоо гэдгийг тамирчид онцолж байна.
Түүнчлэн
уг тэмцээнийг мөсний
загасчлалын ДАШТ-ий Монгол талын шүүгчдийн баг шүүн явуулсан
бөгөөд нийт оролцогчдод зориулан танхимын сургалт зохион
байгуулжээ.