ЕБС-д суралцагч 13-17 насны хүүхдийн анхны түүвэр судалгааны үр дүнг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ХНХЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгээр “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үндэсний хэмжээний түүвэр судалгаа зохион байгуулж, үр дүнгийн тайланг танилцууллаа.
БШУЯ, ЭМЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судлалын үндэсний хүрээлэнтэй хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн ерөнхий боловсролын сургуульд суралцагч 13-17 насны хүүхдийг үндэсний болон хот хөдөөгийн суурьшлаар төлөөлөх хэмжээний анхны түүвэр судалгаа юм. Энэ нь бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, олон улс болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагад бодлого, хөтөлбөрийг тодорхойлоход ашиглах суурь мэдээлэл болохын зэрэгцээ, эрдэмтэн судлаачдад гүнзгийрүүлсэн судалгаа, шинжилгээ хийхэд чухал эх үүсвэр болох юм.
Судалгаанд ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3750 суралцагчийг хамруулж, тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн байна. Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлын талаарх цогц мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу цуглуулах, бодлого, хөтөлбөрийн үр дүнг хэмжих, суурь мэдээлэл бий болгоход судалгааны зорилго оршиж байгааг ХНХЯ мэдээллээ.
Судалгаанд хамрагдсан 4
сурагчийн 3 нь сургуулийн орчинд аюулгүй байдал алдагдаагүй гэж хариулсан байна. Таван суралцагч тутмын 2 нь сургуульд ирж очихдоо ямар нэг тээврийн хэрэгслээр зорчдог, тодруулбал, нийтийн тээврээр 47,4,
хувийн унаагаар 29,1, таксиагаар 11,9, сургуулийн автобусаар 11,6 хувь нь зорчдог гэжээ. Таван сурагч
тутмын нэг нь гэрийнхэндээ
туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгаанаар сургуулиас гадуурх хөгжлийн үйл
ажиллагаанд хамрагдаж чаддаггүй гэж хариулсан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг бөгөөд гурван суралцагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан, таван суралцагч тутмын 2 нь хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон, эрэгтэй 10 суралцагч тутмын 6, эмэгтэй 10 суралцагч тутмын 9 нь дотны найзтай, эмэгтэй 5 суралцагч тутмын 1, эрэгтэй 7 суралцагч тутмын 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байсан гэв.
Харин 10
суралцагч тутмын нэг нь
сүүлийн 1 сард янжуур тамхи татсан,
дөрвөн суралцагч тутмын нэг нь
сүүлийн нэг сард электрон тамхи татсан, 7 суралцагч тутмын 1 нь согтож үзсэн, хоёр суралцагч тутмын 1 нь өөрийнх нь
асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй, гурван суралцагч тутмын 1-ийн
эцэг, эх, асран хамгаалагч нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг
нь огт мэдээгүй байсан гэж хариулжээ.