Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны сургалтыг Монгол Улсад зохион байгуулах асуудлаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-01-29 17:03:31

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /ОУАТХ/ Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуаны урилгаар энэ сарын 24-27-нд БНХАУ-д зочилж, агаарын тээврийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 


Тэрбээр, ОУАТХ-ны Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуан, Бүс нутгийн үйл ажиллагаа, аюулгүй байдал хариуцсан дарга Доу Пэн, Бүс нутгийн худалдааны асуудал хариуцсан дарга Евон Хо болон албаны бусад төлөөлөгчтэй агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар ОУАТХ-ны сургалтыг Монгол Улсад зохион байгуулдаг болох саналыг ОУАТХ-ноос нааштай хүлээн авч, сургалт явуулахад хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн байна. ОУАТХ-ны гэрчилгээжсэн сургалтыг Монгол Улсад явуулдаг болсноор нисэхийн салбарт суралцах сонирхолтой хүүхэд залуус, мэргэжил дээшлүүлэх албан хаагчид хөнгөлөлттэй үнээр эх орондоо суралцах боломж бүрдэх юм.



Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан “Ховд” нисэх буудлыг ОУНБ болгох, хүчин чадлыг нь нэмж, ашиглалтыг сайжруулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд ИАТА-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх газартай хамтран ажиллахаар тохиролцжээ.


Тус нисэх буудалд үзүүлсэн зөвлөх үйлчилгээг жишиг болгон “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулсан “Мөрөн”, “Чойбалсан, “Гурвансайхан” зэрэг орон нутгийн бусад нисэх онгоцны буудлыг хөгжүүлэх, ашиглалтыг сайжруулах жишиг стандарт бий болгох боломжтой аж. Түүнчлэн БНХАУ-тай шинээр агаарын хаалга нээх, агаарын навигацийн хураамж болон “МИАТ” нь ОУАТХ-ны аудитаар орж, гишүүн болох талаар санал солилцож, энэ чиглэлээр ОУАТХ-ноос боломжит бүх дэмжлэг туслалцааг үзүүлэхээ илэрхийлжээ.


Хурлын төгсгөлд Монгол Улсад иргэний нисэхийн чиглэлээр бүс нутгийн тулгамдаж буй асуудлууд, шинэ, шилдэг туршлага, цаашдын хөгжлийн талаар санал солилцох олон улсын бүс нутгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцсоныг ЗТХЯ мэдээллээ. 

相关新闻