Автомашины дугаарын хязгаарлалтыг санал өгсөн иргэдийн 60 хувь нь дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт маргааш хэрэгжээд дуусна. Тиймээс Цагаан сарын баяртай холбогдуулан НЗДТГ-аас уг зохицуулалтыг үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал авч эхэлсэн юм.
Өчигдөр эхлүүлсэн уг санал асуулгад өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 2595 иргэн оролцжээ. Тэдний 40 хувь буюу 1048 нь автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 60 хувь буюу 1547 нь дэмжихгүй гэжээ.
Иргэдийн саналыг энэ сарын 31-нийг дуустал
https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авч, олонхын саналыг үндэслэн
шийдвэр гаргах юм байна. ЗХУТ,
ТЦА-наас Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн өдрүүдэд замын
хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн, цаашид улам нэмэгдэх болно гэж үзжээ.