Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 15:32:53

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах боломжгүй гэж үзлээ.

Улаанбаатар хот, зарим суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүн дотроо уушгины цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Мөн сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр болох гүн өрмийн худгийн 32.3 хувийн эргэн тойронд буюу 50 метр газарт ямар нэгэн бохирдуулагч эх үүсвэр байгаагаас шалтгаалан шинжилгээгээр 30 хувьд нянгийн бохирдол илэрсэн байна гэж Р.Бурмаа сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Хаянхярваа нар  гэр хорооллын бие засах газрын стандарт ямар байх, хогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасныг тодруулсан. Мөн хуулийн төсөлд халдварт өвчин, сүрьеэгийн, сэтгэцийн эмнэлгийг хотын төвд байгуулахыг хуулиар хориглохоор тусгажээ. Харин одоо хотын төвд байгаа эдгээр эмнэлгүүдээ хэрхэх вэ гэж асуусан юм.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу гэр хорооллын бие засах газрын стандартыг холбогдох төрийн захиргааны байгууллага боловсруулан Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв баталгаажуулахаар тусгасан байна. Түүнчлэн хогийн цэг, зориулалтын байгууламж, аж ахуйн нэгжийн хог хаягдлын стандартын талаар ч заалт оруулсан гэлээ.

Байнгын хорооны гишүүд хуулийн төслийн үзэл санааг дэмжиж байгаа хэдий ч уриалгын чанартай зүйл заалт олон байгааг шүүмжиллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Хуулийн төсөлд орон нутаг явахдаа зам дагуу бие засахыг хориглоно гэж заасан байна. Энэ заалтад улсын чанартай автозамаас эхлээд сум, баг, айл хоорондын автозам ч орно. Тэр бүх зам дээр ариун цэврийн өрөө байгуулна гэдэг бүтэхгүй. Хэт амьдралд нийцэхгүй заалт байна” гэлээ.

Ийнхүү хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Ч.Ариунболд

相关新闻
注释