ИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал улс орны хөгжилд зайлшгүй чухлыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-22 17:56:11

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.


Энэ өдрийн чуулганыг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нээж үг хэлсэн юм. Тэрбээр УИХ жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр олон чухал шийдвэрийг гаргаж ирсэн. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын зохицуулалтыг тусгаж, цаашид уг квотыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиудын үр дүнд эмэгтэй төлөөлөгчдийн тоо 500-700-гаар нэмэгдсэн. Өмнө нь 1500 орчим төлөөлөгч байсан бол 2200 болж өссөн нь манай улс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бодитоор дэмжиж буйн илрэл юм. Цаашид ч парламент энэ чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг намууд хамтран дэмжих ёстойг онцлон тэмдэглэж байна гэлээ.


УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ИТХ-д нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн төрийн албан дахь ажил, амьдралын баталгааг сайжруулах нь чухал гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд төсөв, санхүүгийн асуудалд өндөр хариуцлагатай хандаж, оновчтой зарцуулах талаар манлайлан ажиллаж буйг дурдаад, аймаг сумын ИТХ-д ажиллаж буй эмэгтэйчүүд ч мөн адил гэрийн санхүүгээ зөв зарцуулдаг шигээ нутгийнхаа хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гээд, төрд эмэгтэйчүүдийн оролцоо, бодлогын оролцоо зайлшгүй чухал гэдгийг онцолсон юм.


Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа. Хатагтай Абэ Акиэ, “Бид эмэгтэйчүүд” сэдэвт орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлах гэж буйд баяртай байна гээд, энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ.


Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. 2013, 2015 онд миний бие ч мөн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцаж байсан. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад 10 жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол Улсад дахин ирэх боломж олдлоо" хэмээв.


Түүнчлэн өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна гээд, олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцсан юм. 2014 онд Японы Засгийн газраас Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болсон байна.


Хатагтай Абэ Акиэ, Би хувьдаа эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд зөвхөн өөрсдийн чармайлт төдийгүй эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтран ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд бид “Салхины эрин”-дээ хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “Эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна.


Үнэт зүйлс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна гэлээ.


УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд тус чуулганд оролцсон юм. Дөрөв дэх жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдын дунд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд багаараа хамтран энэхүү сэдвээр төсөл бичсэн байна. 21 аймаг, есөн дүүргийн иргэдийг төлөөлөн ирсэн чуулганы оролцогчдод Увс аймгийн Улаангом сумын  “Эрдмийн эхлэл” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дарга Л.Эрхэмбаяр, Хан-Уул дүүргийн “Бритиш” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дэд дарга С.Сономдулам нар багаараа хамтран бичсэн “Миний мөрөөдлийн сургууль” эсээг танилцуулсан юм.


Ингээд чуулга уулзалт салбар хуралдаанаар үргэлжилсэн. “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх нь” салбар хуралдаан “Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр өрнөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан чиглүүлсэн юм. УИХ-ын гишүүн П.Батчимэг Эмэгтэйчүүдийн “хөлсгүй” хөдөлмөр эрхлэлтийн асуудал, эмэгтэйчүүдийн орлого, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байгаа асуудлын талаар танилцуулсан. Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оновчтой үйл ажиллагаануудыг санаачилж, холбогдох таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дорвитой өөрчлөлт хийхгүй шаардлагатайг тодотгосон юм.


2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Иймд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд маань манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.

Мөн Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

相关新闻