Элчин сайд Т.Бадрал ИБНПУ-ын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс /ИБНПУ/-ад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал Исламабад хотноо энэ сарын 1-нд тус улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Др.Ариф Алвид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Уулзалтын эхэнд Элчин сайд Т.Бадрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс Пакистан Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов. Энэ хүрээнд Пакистан Улстай зам тээвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхлыг илэрхийлж, хоёр улсын ГХЯ-дын Улс төрийн зөвлөлдөх уулзалтын механизмыг өргөжүүлэх саналыг тавив.
Ерөнхийлөгч Др.Ариф Алви Элчин сайд Т.Бадралд Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэгт ажлаа албан ёсоор эхлүүлсэнд нь баяр хүргээд хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсийг нь бүх талаар дэмжин туслахаа онцлон тэмдэглэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Монгол Улс нь Пакистан Улстай 1962 оны долоодугаар сарын 6-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас хавсран суудаг.