Жүдогийн Б.Гончигсүрэн, Д.Номинзул нар “Оны шилдэг оюутан тамирчин”-аар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын холбоо 1993 оноос хойш жил бүр уламжлал болгон “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг билээ.
Тэгвэл 31 дэх удаагийн шилдэг эрэгтэй тамирчнаар жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэнг тодруулжээ. Тэрбээр өнгөрсөн онд Хятадын Чэндү хотноо болсон дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXXI наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн Улаанбаатарын “Их дуулга”-аас алт, Тбилисийн “Их дуулга” болон Ханжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн билээ.
Харин шилдэг эмэгтэй тамирчнаар олон улсын хэмжээний мастер Д.Номинзулыг шалгаруулсан байна. Түүний хувьд өнгөрсөн онд оюутны Универсиад XXXI наадмаас жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Үүнээс гадна Улаанбаатарын “Их дуулга”-аас хүрэл медаль хүртжээ.
Манай улсаас 2023 онд АНУ-ын Лейк Плесид хотноо болсон дэлхийн оюутны өвлийн XXX Универсиад наадам, БНХАУ-ын Чендү хотноо дэлхийн оюутны XXXI зуны Универсиад наадам, ОХУ-ын Екатеринбургт болсон олон улсын оюутны спортын фестиваль зэрэг томоохон тэмцээнд спортын 17 төрлөөр 200 орчим тамирчин оролцжээ.