Цаг агаараас болж ургац хураалт удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-09-29 14:16:19

Төв аймагт цаг агаараас болж ургац хураалт удаашралтай байна. Энэ тухай аймгийн ХХААГ-ын, Газар тариалангийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Зарим сумдад шөнөдөө бороотой хонож байна. Харин маргааш нь ургац хураалтад гарах гэхээр трактор, комбайн газарт шигдээд байгаа гэх мэт асуудлууд гарч, ургац хураалт удааширч байна. Цаашид  байгаль, цаг агаарын байдал гайгүй байвал ургацаа бүрэн хурааж амжина” гэлээ.

Тус аймаг өнөөдрийн байдлаар төмсний 77 хувь, хүнсний ногооны 40 хувь, тосны ургамлын 20 хувь, тэжээлийн 20 хувь, улаанбуудайн 43 хувь, үр тарианы 44 хувь хураагаад байна.

Түүнчлэн энэ жилийн хувьд улаанбуудай нэг га-гаас талбайгаас ургац авах хэмжээ 12.6 цнт буюу өнгөрсөн жилийн үеийнтэй харьцуулахад ургац харьцангүй сайн байгааг албаныхан онцоллоо. 

Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын ажилд оюутан цэрэг болон МСҮТ-ийн төвүүдийн нийт 1667 хүн ажиллаж байна.

Өнгөрсөн жил аймгийн газар тариалангийн бүс нутгаар тавдугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай байсан ба зургаадугаар сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл их байснаас ган болох нөхцөл бүрэлдсэнээс болж нэг га-гаас талбайгаас 7.1 цт буюу 21 мянган тн ургац хураажээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻