БАЯНХОНГОР: Хяналт шалгалтын зөрчлийн нэгдсэн судалгаа, мэдээллийг гаргаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-02-14 16:20:39

Баянхонгор, 2024 оны хоёдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Галын аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн үйл ажиллагааг аймгийн Онцгой байдлын газраас өрнүүлж байна.


Баянхонгор сумын Засаг даргын "Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд тус үйл ажиллагааг нэгдүгээр сараас эхлүүлэн, шат дараатай хяналт шалгалтыг хийж байгаа аж.


Энэ хүрээнд Угалз 4 дүгээр баг, Цагаанчулуут 5 дугаар баг, Гэгээн шавь 6 дугаар, Цахир 7 дугаар багийн айл өрхүүдэд аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгуулж, иргэдэд заавар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.


“Гэр хорооллын айл өрхөд галын аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас”-ыг Google forms программ ашиглан цахим хэлбэрт оруулан, хяналт шалгалтын зөрчлийн нэгдсэн судалгаа, мэдээллийг гарган уг хяналт шалгалтыг хийж байгаа аж.


Тухайлбал, Баянхонгор сумын 4 дүгээр багийн 1021 өрхийн 671 хашаанд хяналт хийхэд гал түймэр гарах эрсдэл бүхий 486 зөрчил илэрснээс газар дээр нь 250 зөрчлийг арилгуулж, 4084 иргэнд урьдчилан сэргийлэх санамж, гарын авлага материал тараан үлдсэн зөрчлийг арилгах талаар заавар, зөвлөгөө, зөвлөмж өгчээ.


Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гал түймрийн тохиолдлын дийлэнх нь ил гал, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас, пийшин, зуухны яндангийн очноос шалтгаалсан байсныг албаныхан хэлэв.


Ташрамд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станц, Автомашин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламжид галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын хэрэгжилтийг хангуулах урьдчилан сэргийлэх үзлэг хяналт шалгалтыг 17 объектод нэгдүгээр сарын 26-31-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулж, ажилтан албан хаагч нарт галын аюулгүй байдлыг хангах заавар зөвлөмж өгсөн байна.



相关新闻