ДАРХАН-УУЛ: С.Амгалан: Ээжийнхээ оёж өгсөн дээлүүдийг хадгалах зорилгоор авдар хийж эхэлсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нүүдэлчин монголчуудын амьдралын түүхийг тээсэн авдар хэмээх соёлын өвд уламжлал, амьдралын гүн ухаан агуулагдан үлдсэн гэж судлаачид үздэг.
Хүн төрөлхтөн эртнээс орон сууц, ахуй амьдралын хэв маягтаа нийцүүлэн
хэрэглээний тавилга хэрэгслийг урлаж, эдэлж хэрэглэж ирсэн бөгөөд тэр дундаа
авдар хэмээх эд зүйлсээ хадгалах хайрцаг нь хэдэн мянганы туршид гэрийн хамгийн
өргөн хэрэглээтэй тавилга хэмээгдэн хойморт байрлаж өдийг хүрсэн.
Өнгөрсөн
хориод жилийн хугацаанд авдрыг мартах шахсан, орчин үеийн тавилгаар гэрээ
тохижуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд айл бүр авдартай болох, ялангуяа залуу
гэр бүлүүд авдрыг эрхэмлэх болсон.
Үндэсний
өв, уламжлал хэмээн нэрлэж ирсэн авдрыг сүүлийн 10 орчим жил урлаж буй
Дархан-Уул аймгийн Зураач, урчуудын эвлэлийн гишүүн С.Амгалантай ярилцлаа.
-Сар шинэ өргөн дэлгэр, сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ.
-Юуны түрүүнд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Сайнцогийн Амгалан гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. Нэг настайдаа Дархан хотод аав, ээжийн хамт шилжиж ирээд одоог хүртэл амьдарч байна. Төрсөн нутаг минь өөр боловч бараг л Дархан хотын уугуул хүн дээ би.
-Дарханыхан таныг авдар урлаач гэдгээр нь
илүү сайн мэднэ. Ямар мэргэжилтэй вэ?
-Би хэвлэлийн график, дизайны мэргэжилтэй. 1996 оноос хойш одоог хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хуучин “Сэргэлэн” ХХК гэж байхад анх ажилд орж байсан, цаг хугацааны эрхээр байгууллага маань өөрчлөгдөн, өөрийн хувийн бизнесээ эхлүүлж хэвлэл, хаяг, рекламын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ сийлбэр, модон эдлэл хийдэг мэргэжил эзэмшээгүй, хоббигоороо л хийж байна.
-Авдрыг хэдийнээс эхэлж хийж эхэлсэн бэ? График, дизайны
мэргэжилтэй хүн маань яагаад авдар урлах болов оо?
-Миний ээж их сайхан дээл оёдог хүн байсан. Миний эхнэр болон хоёр хүү, надад жил бүр дээл оёж өгнө. Хэсэг хугацааны дараа дээл нь бүр ихдээд ирсэн чинь эхнэр маань дээл хувцас хийх сав байдаггүй ээ, чи дээл хийх сав, эсвэл шүүгээ хийгээч гэсэн юм.
Би чинь мужаан талын хүн биш болохоор эхлээд юу хийхээ мэдэхгүй байсан. Тэгээд ерөөсөө авдар яагаад хийж болохгүй
гэж бодоод хэвлэлийн машин дээрээ хуучны уламжлалт арслантай авдрын зураг
гаргаад хийсэн.
Гэтэл эхнэр маань бөөн баяр, хийсэн авдар таалагдаж магтаалын үгээр намайг
урамшуулж байсан. Тэгээд хоёр сарын дараа ээж маань манайд ирээд хийсэн авдрыг
маань хараад мөн л ямар сайхан авдартай болоо вэ гэтэл эхнэр Амгаа хийсэн шүү дээ гээд хэлтэл, ээж хүү маань яасан сайхан авдар урлаа вэ, хүүгийнхээ хийсэн энэ
авдрыг ээж нь авъя аа гээд аваад явчихсан.
-Ээж тань анхны авдрыг яваад явахад дахиад урлах
сэтгэгдэл шууд төрсөн үү? Эсвэл хэсэг хугацааны дараа урлаж эхэлсэн үү?
-Анх хийсэн авдар 90х60 харьцаатай дундаж хэмжээтэй байсан. Тэр дотор нэлээн хэдэн дээл багтдаг. Ээждээ авдраа өгч явуулчхаад ханьдаа дахиж авдар хийж өгсөн дөө. Тэгээд л авдар урласаар өдийг хүрч байна.
-Анхны авдраа
хэдэн жилийн өмнө хийж байсан бэ?
-Найм, есөн жилийн өмнө анх авдар урлаж эхэлсэн. Яагаад ч юм өөрийн эрхгүй хийх хобби төрж өөрийгөө одоо ч хөгжүүлэн суралцаж байна.
-Найм, есөн жил
гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд хэчнээн авдар урласан бэ?
-Яг нарийн тоо гаргаж чадаагүй ээ. Ойролцоогоор 450-500 авдар урлаж эздэд нь өгсөн байх. Сүүлийн үед залуучууд авдар сонирхож байна. Авдрыг зөвхөн хөдөө амьдардаг монгол гэртэй айлууд тавьдаг гэсэн өрөөсгөл бодол нэг хэсэг байсан бол одоо эсрэгээрээ болсон гэж боддог .
-Таны хийж буй
авдар бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байх. Нэг төрлийн авдрыг олноор
үйлдвэрлэх боломжтой юу?
-Авдар захиалж буй хүмүүстэйгээ ярилцаад өнгө, загвар, хээ зэргийг сонгодог. Гэрийнх нь орчин нөхцөлд тааруулж урлах үе ч бий. Миний хувьд нэг төрлийн авдрыг хэт олноор урлахаас аль болох татгалздаг. Учир нь аливаа зүйл олон байх, хэд хэдэн айлд ороход яг нэг төрлийн авдар байвал утга нь алдагдана. Тиймээс өөрөө зургаа хийдэг болохоор болж өгвөл нэг авдрыг давтахгүй хийхийг зорьдог. Яг нэг ижил биш ч ижил төстэй авдар бол бий.
-Хүн хийж байгаа зүйлийнхээ талаар судалгаа хийж эхэлдэг. Таны хувьд монголчуудын өв уламжлал болж ирсэн авдрын талаар хэр судалсан бэ?
-Айл бүхний хойморт тавигддаг тавилга хийж байгаа болохоор судалж үзнэ. Ер нь судлахгүй бол болохгүй л дээ. Хээ, угалзаас эхлээд дүрслэлийг судална.
Авдар гэхээр хүмүүс арслантай биз гэж их асуудаг. Үнэндээ арслантай авдрын
түүхийг судлаад үзэхээр яг ч арслан биш монгол нохойгоо бэлгэддэг байсан юм
билээ. Зарим хүмүүс арслан дүрсэлж хийхдээ африкийн нарийн сүүлтэй төгсгөл
хэсэгтээ үстэйгээр дүрсэлсэн байдаг.
Хүмүүс ойлгохгүй энэ арслан чинь ямар сонин сүүлтэй болчихсон юм
бэ? Энэ чинь нохой байна шүү дээ ч гэдэг. Тийм
болохоор бид хийж буй зүйлийнхээ талаар судалж, түүхээ ойлгохгүй бол болохгүй гэж боддог.
-Авдар шинээр
урлахаас гадна хуучны авдар сэргээн засварладаг уу? Өвлөгдөж ирсэн бүхэн он цаг
өнгөрөх тусам үнэ цэнтэй болдог гэдэг шүү дээ?
-Мэдээж тэгэлгүй яах вэ. Миний хийсэн авдрууд ч гэсэн авсан эзэн нь зөв арчлаад явбал хэдэн арван жил болж өвлөгдөнө.
Их хуучирсан авдрыг
болж өгвөл будаг шинээр тавьж сэргээхээс
илүү хуучнаараа байвал үнэ цэнтэй гэж
боддог. Яагаад гэвэл тэр үед хэрэглэж байсан будаг нь өөр, мод, материал нь өөр
болсон шүү дээ. Тийм болохоор хугарсан, эмтэрч унасан хэсгийг нь ихэвчлэн
сэргээдэг. Шинээр будаг түрхээд өөрчлөх юм бол үнэ цэнээ алдаж, уламжлагдаж
ирсэн байдал үгүй болно.
-Монгол авдрын
нэг чухал хэсэг нь хээ, угалз байдаг. Хээ бүхэн утга агуулгатай шүү дээ. Таны
хувьд өөрөө хээ зохиож урлах тохиолдол байдаг уу?
-Тийм шүү. Хээ маш чухал судлах зүйлийн нэг. Үндсэн хэв маягийг нь алдагдуулахгүйгээр өөрөө ойр зуурын хээ зохионо. Мөн хадны сүг зургуудаар хээ угалз хийлгэх тохиолдол байдаг.
Хуучин цагт ихэвчлэн урт наслах, төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл болгож түмэн насан хээг авдарт зурдаг байсан.
Социализмын үед л алхан хээтэй авдар их дэлгэрсэн гэдэг. Түүхээ мэдэхгүйн
улмаас тэгж их дэлгэрүүлсэн ч гэж хөгшчүүл хуучилдаг.
Учир нь алхан хээ Манжийн дарлалын үед түмэн насан хээг дарах зорилгоор
бүтээгдсэн гэж ярьдаг юм билээ.
Тухайн цаг үед алхан хээг түгжээ хээ ч гэж нэрлэдэг байсан гэлцдэг. Түгжээ гэдэг нь эд баялгийг авдарт оруулахгүй гэсэн утгыг ч илэрхийлдэг гэдэг.
-Таны авдрыг
худалдан авч буй хүмүүсийн дийлэнх нь Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас байдаг уу?
-Ер нь янз бүр. Зарим тохиолдолд холын аймгуудаас захиалга их ирдэг. Бүр Ховд аймгаас нэг эгч жил бүр шинэ авдар захиалдаг. Орхон, Төв, Сэлэнгэ, Улаанбаатар хотоос захиалга их ирдэг.
-Жилийн аль
улиралд борлуулалт сайн байдаг вэ?
-Үндэсний баяруудаар түлхүү нэмэгддэг. Ялангуяа Цагаан сараар захиалга нэмэгдэнэ, бэлэн авдрууд маань дуусдаг.
Энэ жилийн тухайд луу жил гарч байгаатай холбогдуулан луу хээтэй авдар их
захиалж байна. Урланд байсан авдрууд ихэнх нь эзэндээ очсон.
Зориод ирж буй хүмүүсийнхээ урмыг хугалчихгүйн тулд аль болох хугацаанд нь амжуулаад хийж өгдөг. Гэхдээ хүмүүс их сонин шүү. Яг цаг нь тулаад маргааш, нөгөөдөр битүүн, эсвэл шинийн нэгэн болох гэж байхад ийм авдар хийлгэх гэсэн юм гээд загвараа бариад ирнэ, эсвэл өнөөдөртөө авдар хийгээд өгөөч гэнэ. Цаас хувилагч машинаар олшруулж байгаа юм шиг л санадаг шүү дээ. Тэр бүрд нь учирлаад л хэлдэг.
-Хэдүүлээ
ажилладаг вэ, мэдээж ачаалал нэмэгдсэн үед хүн хүч дутагдах тохиолдол гардаг л
байх?
-Ачаалалтай үед гэр бүлийнхэн минь надад тусална. Ер нь завтай чөлөөтэй байвал бүгд л ирээд тус тусын ажлаа хийгээд суудаг. Бага хүү, эхнэр хоёр маань хамгийн гол тус болдог хүмүүсийн нэг. Том хүү маань энд байх хугацаандаа хамт ажиллана. Одоо гадаадад суралцдаг.
-Авдар урлахаас
гадна модон эдлэл хийдэг үү?
-Дарханыхаа онцлогийг харуулсан бэлэг, дурсгалыг модоор сийлдэг. Мөн тэмцээн, уралдааны өргөмжлөл, медаль, ширээний сувенир, албан тушаал, овог, нэрийг модоор сийлж, ажил мэргэжилтэй нь хослуулж өгдөг.
-Авдрыг ямар
модоор хийвэл эдэлгээ сайн байдаг вэ? Мөн ямар модоор хийдэггүй вэ?
-Хуучин цагт хуш модоор ихэвчлэн хийдэг байсан юм билээ. Хуш модыг тэнгэрийн мод гэж бэлгэддэг байсан гэдэг. Сийлбэр сайн авдаг, нарийн ширхэгтэй.
Одоо хуш модоор авдар хийх боломжгүй болсон. Яагаад гэвэл хориотой
болохоор. Үр, жимсээ өгдөг амьд мод гэдэг утгаар үржиж дэлгэрэхийг бэлгэддэг
байсан юм билээ.
Миний хувьд нарс модоор хийдэггүй. Учир нь ширхэг томтой учраас сийлбэр хийхэд төвөгтэй.
Зиг заг гээд ярыг нь шүүчихсэн бэлдэц байдаг. Тийм бэлдцээр гол төлөв хийдэг. Будгийн тухайд зориулалтын эко, үнэргүй усан суурьтай будаг хэрэглэдэг.
-Авдар бүхэн
онцлогтой, таны урласан авдрын давуу тал нь юу вэ?
-Ямар хийц, загвар, сийлбэртэй вэ гэдгээсээ шалтгаалаад дуусах хугацаа нь өөр өөр байдаг. Миний урлаж буй авдрын загварыг дуурайж болох ч хээ, угалз, дүрслэлийг давтах боломжгүй. Тэр нь л миний онцлог, давуу тал юм болов уу гэж боддог.
-Тэгэхээр таны
урлаж буй авдарт сийлсэн хээ, угалз, дүрслэл оюуны өмчийн бүртгэлтэй гэсэн үг
үү?
-Одоогоор оюуны өмчид бүртгүүлж, гэрчилгээ аваагүй байгаа. Удахгүй авах бодолтой байна. Учир нь миний зурсан, сийлсэн хээг хэн дуртай мужаан нь зурна гэдэг амаргүй. Миний загварыг нь гаргасан файлыг л авч ашиглах боломжгүй. Тийм болохоор л миний давуу тал гэж хэлсэн нь тэр.
-Ярилцсанд
баярлалаа.
Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Урланд минь зорин ирж хийж бүтээж буй зүйлийг
таниулж өв, уламжлалаа дэлгэрүүлж байгаа танай хамт олон ажлын амжилт хүсье.