ДАРХАН-УУЛ: Дархан сумын ЗДТГ-ын даргаар Ц.Амарзаяа томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-08-13 17:18:49

Дархан, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дархан сумын ЗДТГ-ын даргаар томилогдсон Ц.Амарзаяа албан ёсоор тамга, тэмдгээ гардан авлаа. Ингэснээр Дархан сум 31 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй даргатай болж байна.



Ц.Амарзаяа нь ажлын гараагаа төрийн байгууллагаас эхлүүлсэн бөгөөд 2010-2017 онд хэсгийн ахлагч, 2017-2022 онд нийгмийн ажилтан, 2022-2025 онд Дархан сумын ЗДТГ-ын хууль эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтнээр ажилласан байна.



Төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай удирдан зохион байгуулах чадвар, хамт олныг манлайлан, хийж буй ажилдаа эзэн болж чаддаг гэдгийг тамга, тэмдэг гардуулан өгөх үеэр Дархан сумын засаг дарга Т.Тулгаа онцолж байлаа.




Ц.Амарзаяа тамга, тэмдгээ гардан авсныхаа дараа “Иргэдийнхээ өмнө тавьсан зорилго, амлалтаа биелүүлэхийн төлөө, баг хамт олонтойгоо хамтран Дархан сумын хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, түмэн олны төлөө төрийн хуульд захирагдан ажиллахаа илэрхийлэв.


Дархан сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Батзул нь аймгийн ЗДТГ-ын хэлтсийн даргаар томилогдсон бөгөөд Ц.Амарзаяа нь хоёрдугаар сараас эхлэн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад сонгон шалгаруулалтын үр дүнд ийнхүү уг албан тушаалд томилогджээ.



Дархан сум газар нутаг бага ч Монгол Улсын хамгийн их хүн амтай сум бөгөөд өнөөдрийн байдлаар 90.000 гаруй оршин суугчтай, төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, засаг захиргааны 18 багтай.



Ташрамд аймгийн ИТХ, Дархан сумын ИТХ-ын даргаар  2024 оны сонгуулийн үр дүнд анх удаа эмэгтэй хүн сонгогдсон бол 1994 оноос хойш Дархан сумын ЗДТГ-ын даргаар мөн анх удаа эмэгтэй хүн томилогдож байна.

相关新闻