ДАРХАН-УУЛ: Хар усны халиа үүссэн хэсгүүдэд шуурхай арга хэмжээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-19 13:01:58

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан сумын гуравдугаар багийн нутагт хар усны халиа, тошин үүсэж айл өрхүүд усанд автах эрсдэл үүссэн тул шуурхай арга хэмжээ авчээ.


Дархан сумын Онцгой комисс, мэргэжлийн анги байгууллагуудтай хамтран хоёр өдөр тухайн газарт ажиллаж, далан босгох, халиа үүссэн хэсгүүдэд сэтэлгээ хийж аюулгүй болгосон аж.




Дархан сумын Онцгой комиссын дарга Т.Тулгаа болон Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагч, ахмад Д.Энхтүвшин, ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Б.Мөнгөншагай нар хар усны халиа үүссэн газруудад ажиллаж, эрсдэлтэй айл өрх, үерийн ус орох магадлалтай байдалд хариу арга хэмжээ авч байна. 




Нийт долоон удаагийн давтамжтайгаар 320 тн шороо асгаж 500 м түр далан босгох ажилд сумын Онцгой комиссын 12 албан хаагч, гуравдугаар багийн гурван албан хаагч, ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн захирагч, ахмад Д.Энхтүвшин, ОБГ-ын ГХУХ байцаагч ахмад Б.Мөнгөншагай, Цагдаагийн газрын хоёр албан хаагч, "Дархан ус суваг" ХК -ийн хоёр ажилтан, нэг экскаватор, Дархан хот тохижилт үйлчилгээний газрын нэг ажилтан, жижиг оврын вовкат, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн хоёр ажилтан,  цэргийн жинхэнэ албыг дүйцүүлэн хаах бэлтгэлд хамрагдаж буй таван алба хаагч, тухайн багт оршин суух таван иргэн нийт 35 албан хаагч, таван техникийн тусламжтайгаар халиа, тошинд хамгаалалт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.




Мөн Дархан сумын гуравдугаар багийн Ажилчин, Хар ус, Угалз хэсэгт шар усны халиа үүссэн нөхцөл байдалд холбогдуулан Дархан сумын Засаг даргын 01 дүгээр албан мэдэгдлийн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Хар ус дагуу амьдардаг 63 айл өрхөд хүргэжээ.



 

 

相关新闻