"Боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулганаас тунхаглал гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-29 17:45:38

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулган ирэх 7 хоногт болно. Үүнтэй холбогдуулан Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл, секторын эрхлэгч Х.Отгонбаатар нар өнөөдөр Тогтвортой хөгжлийн клубийн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Доктор М.Итгэл хэлэхдээ, “Юуны өмнө Боловсролын хувирган өөрчлөлт гэж юуг хэлээд буйг тайлбарлах нь зүйтэй байх. Энэхүү нэр томьёо дэлхий нийтийг хамарсан ковидын цар тахлын дараагаас гарч ирсэн боловсролын өөрчлөлтийг илэрхийлж буй бөгөөд үүнийг дэлхий нийтийн анхаарлын төвд байлгах үүднээс НҮБ-аас олон улсад түгээж буй ойлголт” гэдгийг тодотголоо.

Тэрбээр, боловсролын хувирган өөрчлөлтийг бид хэлний мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж байгаад эх хэлнээ “Хувьсаж буй боловсрол” хэмээн оноон хөрвүүлэн ойлгож болно гэдэг дээр тогтсон гэв.


Дэлхийн аль ч улс оронд боловсролын салбарт тулгамдсан асуудал байдаг. Үүнийг цар тахал илүү хурдасган олон нийтийн анхааралд аваачин шинэчлэх дохиог өгснөөр боловсролыг хувирган өөрчлөх үйл явц гарч ирснийг тэрбээр тодотгож байв. Боловсролыг хувирган өөрчлөх үйл явцын нэг тод жишээнд тэрбээр цахим сургалтыг онцолсон юм. Манай улс энэхүү өөрчлөлтийг нэвтрүүлсэн жишиг 9 орны нэгээр тодорч, ЮНЕСКО-гоос зарлаж байсныг эргэн сануулж байв.


Бид дэлхий нийтээр хувьсан өөрчлөгдөж буй боловсролын шинэчлэлд монгол суралцагчдаа монгол сэтгэхүйгээ авч үлдэх нь чухал юм гэдгийг хэллээ. Гол нь бид асуудлыг олон талаас ярилцаж зөвшилцөж байж шийднэ. "Монголын боловсролын хувирган өөрчлөлт" үндэсний чуулганд малчдаас эхлээд багш, эрдэмтэд зэрэг олон талын төлөөлөгч оролцож өргөн хүрээгээр хэлэлцэж, тунхаглал гаргана гэв. 


相关新闻