СЗХ: Финтек компаниудын нэг эрсдэл нь кибер халдлага болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-06 14:52:12

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, Банк бус санхүүгийн 55 байгууллага финтек зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Санхүүгийн салбарын нийт харилцагчдын 94.1 хувьд нь энэ үйлчилгээг үзүүлжээ.

Санхүүгийн салбараар нь авч үзвэл, даатгалын салбарт урт хугацааны даатгалын нэг, ердийн даатгалын 15 компани цахим технологи ашиглан 72 төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг, сэндбоксын орчинд 7 бүтээгдэхүүнийг ашиглаж буй талаар СЗХ-ноос мэдээллээ.   

Цаашид бид санхүүгийн зах зээлд технологид суурилсан хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр турших боломжийг бий болгох, санхүүгийн хяналт, шалгалт, зохицуулалтын үйл ажиллагаанд ректек, суптек нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж СЗХ-ны дэд дарга Т.Цэрэнбадрал өнөөдөр болсон “FINSEC” форум дээр хэллээ.


Технологид суурилсан санхүүгийн зах зээлийн нэг эрсдэл нь кибер халдлагаас хамгаалах, аюулгүй байдлыг хангах явдал болж байна.


Цахим технологийн хөгжил цаг хугацаа, орон зайг үл хамааран бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэвч нөгөө талаас финтекийн систем, сүлжээн дэх эмзэг байдлыг ашиглах, кибер халдлагын бай болох эрсдэл нэмэгдэж буйг тэрбээр хэллээ.

Тиймээс финтек компаниуд аюулгүй байдлаа хангах, иргэдийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд нэгдэж ажиллахыг СЗХ-ноос уриалж байна гэв.    


Финтекийн экосистемд тулгарч буй кибер аюулгүй байдлын тулгамдсан асуудал, сорилтыг хэлэлцсэн “FINSEC” форумыг СЗХ, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв болон Финтекийн холбоо хамтран зохион байгуулав. Форумд финтекийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй байгууллагын удирдлага, мэдээллийн аюулгүй байдал, хариуцсан ажилтнууд оролцлоо.

 

相关新闻