Дэлхийн 50 оронд бараа экспортолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний хоёр сард дэлхийн 50 оронд бараа экспортолсон байна. Үүнээс БНХАУ-д 93.2, Швейцарт 3.7, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож, нийт экспортын 97.8 хувийг эдгээр орон эзэлжээ.
Экспортод 2240.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан
нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй
харьцуулахад 0.1 хувиар багассаныг
Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Экспортын барааны дүнд эрдэс бүтээгдэхүүн 2041.8 сая
ам.доллар буюу 91.1, сувд,
үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 83.5 сая ам.доллар
буюу 3.7, амьд мал, амьтад,
мал амьтны гаралтай
бүтээгдэхүүн 28.4 сая ам. доллар буюу 1.3 хувийг эзэлж, энэ нь нийт экспортын дүнгийн 96.1 хувийг
бүрдүүлжээ.
Энэ оны эхний хоёр сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, зэс, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширийг 100 хувь БНТУ-д, самнасан ноолуурын 82.1 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувь БНХАУ-д экспортолж, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 87.2 хувийг эзлэж байна.