Э.Амартүвшин СУИС-ийн Хүндэт профессор болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 12:35:10

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын Жүжигчин, The Lyric’s Oscars шагналын эзэн, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран гала тоглолтоо хүргэлээ.


Уг тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир,  концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго нар болон найрал дуучид, симфони оркестрын хөгжимчид оролцжээ.


Монгол хүний авьяас чадварыг дэлхийд гайхуулж, тэр дундаа дэлхийн сонгодог урлагийн түүхэнд Монгол хэмээх нэрийг алдаршуулж яваа ДБЭТ-ын алтан тайзнаас уран бүтээлчийн гараагаа эхэлсэн Ардын жүжигчин Э.Амартүвшин хоёр өдрийн турш Монголынхоо үзэгчдэд дуу хоолойгоо хүргэсэн нь энэ. Дэлхийн сонгодог урлагт эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа түүний тоглолт танхим дүүрэн үзэгчтэй, хүндэтгэл дүүрэн байлаа.


Гала тоглолтын үеэр тэрбээр СУИС-ийн хүндэт профессор цол хүртлээ. СУИС-ийн захирал, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос түүнд хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан юм.





相关新闻