Согтууруулах ундаа худалдаж, үйлчлэх цэгийн тоог нормативт хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-02 15:47:01

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог бууруулж, тогтоосон нормативт хүргэх ажлыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдсан байна. Дундговь аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 121 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг нь нормативаас хэд дахин хэтэрчээ.

Үйлдвэр худалдааны яамнаас баталсан нормативаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо нийслэл, аймгийн төвд 2 мянган хүн тутамд нэгээс хэтрэхгүй, сумын төвд нэг байхаар тогтоосон байдаг. Энэ нормативаар Дундговь аймгийн төвд 7, 15 сум тус бүрт нэг тусгай зөвшөөрөл олгох ёстой ажээ. Харин өнөөдрийн байдлаар энэ норматив хэтэрч, аймгийн төвд 59, хөдөөгийн сумдад 3- 10 цэг ажиллаж байна. Энэ нь 2005 онд батлан мөрдөн байсан мянган хүн тутамд хоёроос дээшгүй байх нормативаас ч хэтэрчээ.  

2008 онд Үйлдвэр худалдааны яам дээрх нормативыг батлахдаа 2005 оны нормативыг хүчингүй болгосон бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2008 онд гаргасан Засгийн газрын 4 дүгээр тогтоолд Үйлдвэр худалдааны яамнаас баталсан дээрх нормативын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байдаг. Харин өдийг хүртэл эл норматив Дундговь аймагт хэрэгжээгүй, 2015 он болон 2016 оны эхний хагаст гэхэд л согтууруулах ундаа худалдах, үйлчлэх 39 тусгай зөвшөөрөл шинээр олгогджээ.

Хэт олшироод байгаа тусгай зөвшөөрлийг цэгцэлж, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог нормативт хүргэх үүргийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас аймгийн Засаг даргад хүргүүлсэнтэй холбогдуулан Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ийнхүү байгуулагдсан байна.  

Т. Отгонтуяа

相关新闻