Олимпын бамбар ирэх сарын 16-наас эхлэн аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Францын Парис хотод энэ оны 7 дугаар сарын 26-нд нээлтээ хийх олимпын бамбар ирэх сарын 16-наас аялалд гарна.
Нийт 10 мянган тамирчин, олны танил эрхмүүд бамбар буухиалах аялалд оролцох ажээ. Олимпын бамбарыг асааж гараас гарт дамжуулах үйл ажиллагаа анхны олимпыг зохион байгуулсан Грекийн нийслэл Афин хотоос эхлээд Францын Парисыг зорих юм.
Тодруулбал, 10 гаруй хоног Грекийн газар нутгаар тойрсны дараа дөрөвдүгээр сарын 27-ноос Газар дундын тэнгисээр дамжин тавдугаар сарын 9-нд Францад очих аж.
Улмаар Францын 400 гаруй хотоор явсны эцэст 7 дугаар сарын 14-нд Парист ирэх бөгөөд тус хотын 10 гаруй дүүргээр аялснаар олимпын бамбарыг залах цэнгэлдэхэд хүргэхээр төлөвлөжээ.
Олимпын бамбарыг Францад шилжүүлэх үйл
ажиллагааг Olympic Channel Services (OCS) сувгаар шууд дамжуулах юм.