Б.Мөнхзаяа Сөүлийн марафоноос олимпын эрх өвөртлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Солонгосын Сөүл хотноо 79 орны 40 мянга орчим гүйгч оролцсон томоохон марафон боллоо.
Кени, Этиопоос эхлээд марафон гүйлт өндөр хөгжсөн орнуудаас ч тамирчид оролцжээ. Манай улсаас Монгол Улсын 20 удаагийн аварга, “Улаанбаатар марафон”-ы зургаан удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч, олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа уралдаж, долдугаар байр эзэлснээр олимпын эрхийн болзлыг хангажээ.
Эмэгтэйчүүдийн 42 км 195 мeтр зайг Б.Мөнхзаяа 2:24:45 цагт туулсан амжилтаар шилдэг 10-т шалгарсан цор ганц ази тамирчин болов. Тэрбээр олимпын эрхээ хангаад зогсохгүй өөрийнхөө тогтоосон Монголын дээд амжилтыг энэхүү марафонд дахин шинэчилсэн байна. Тэрбээр дасгалжуулагч Б.Доржпаламын хамтаар БНСУ-д бэлтгэлээ базаасан нь ийнхүү үр дүнгээ өгчээ.
Одоогоор Монголын хоёр эмэгтэй марафонч олимпын эрх аваад байна. Марафоны тамирчдын хувьд эмэгтэйчүүд 2:29:30, эрэгтэйчүүд 2:11:30 цагийн дотор амжилт үзүүлсэн байх ёстой.