Ө.Баясгалан: Цэргийн алба хаах нь Үндсэн хуулиар олгогдсон бидний журамт үүрэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалантай ярилцлаа.
-Танд Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийн мэнд дэвшүүлье!
-Баярлалаа. Дундговь аймаг
дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагч, Монгол
Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт
амь, биеэ зориулсан үе үеийн ахмад дайчид, чөлөөнд байгаа ахмадууддаа орчин
цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, Монгол цэргийн
өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна.
-Та
байгууллагынхаа үйл ажиллагаа, чиг үүргийн талаар манай уншигчдад танилцуулах
уу?
-Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб бол орон
нутагтаа батлан хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сурталчлах, хууль
ттогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг
даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг үр дүнтэйгээр
хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг байгууллага. 1942 онд байгуулагдсан.
Энэхүү чиг үүргийн хүрээнд Батлан
хамгаалах багц хуулиудыг албан хаагчдад болон иргэдэд сурталчлах, өсвөр
үеийнхнийг цэрэг эх оронч үзэлтэй иргэн болж төлөвшүүлэх, цэргийн эрдэмд
сургах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох чиглэлээр “Дөл” цогцолбор тэмцээн,
цэргийн нормативын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг.
Мөн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойн баярыг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хамт олныг бүрдүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор спортын олон төрөлт тэмцээн уралдаан, Засаг даргын нэрэмжит Марш тактикийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг мөн явуулж ирсэн. Уралдаан тэмцээнээс гадна цэрэг татлага, цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулдаг.
-Энэ
жил Зэвсэгт хүчний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан ямар үйл
ажиллагаа зохион байгуулав?
-Энэ жил улс орон даяар өвөлжилт,
хаваржилт хүндэрч, аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын захирамж
гарч, 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан урлаг, спортын үйл
ажиллагаа явуулахыг түр зогсоосон. Тиймээс 3 дугаар сарын 23-наас эхлэн үйл ажиллагаагаа
зохион байгуулж эхлэхээр төлөвлөсөн.
Энэ сарын 23-26-нд Цэргийн нормативын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Манай аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй 13 байгууллага байдаг. Тэдгээрийн дунд 5 төрөлт спортын тэмцээн явуулна. Цаашдаа аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд шалгарсан тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авдаг.
Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 85
жилийн түүхэн ой тохиож байгаа. Ойн үйл ажиллагааны хүрээнд хүүхэд, залуучуудад Халх голын байлдаан, ахмад дайчдын баатарлаг гавьяаг сурталчлах,
дайны хор уршгийг таниулах ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.
-Зэвсэгт
хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан
сургах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай байгууллага Монгол Улсын Үндсэн
хууль, Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу иргэдийн үндсэн үүрэг болох цэргийн
гэрээт алба, хугацаат цэргийн алба, цэргийн албыг биеэр болон мөнгөн төлбөрийн
хэлбэрээр дүйцүүлэн хаалгах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг нөхөн хангах,
дайчилгааны бэлтгэл нөөцийг давтан сургах зэрэг аймгийн өмнө тавигдсан үүргээ
амжилттай хэрэгжүүлж байна.
Цэрэг татлагын үеэр цэргийн насны
залуучуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, цэргийн анги, байгууллагыг
сурталчлах, мэдээлэл өгөх, өдөрлөг зохион байгуулах, сургалт хийх, цэргийн
албаны анхан шатны ойлготтой болгох ажлуудыг зохион байгуулдаг.
Мөн дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт,
Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн сургалт, цугларалт, хээрийн дадлага
зэргийг хийнэ. Энэ жил хээрийн дадлагыг Эрдэнэдалай суманд, дайчилгааны нөөцийн
II зэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг оролцуулан хийхээр төлөвлөж байгаа. II зэргийн
бэлтгэл үүрэгтэн гэдэг маань цэргийн албыг дүйцүүлэх болон мөнгөн төлбөр
хэлбэрээр хаасан хүмүүс юм. I зэргийн бэлтгэл үүрэгтэн бол дайчилгааны
нөөцийн бүрэлдэхүүнд байдаг. Тэднийг чадавхжуулах сургалтуудыг төлөвлөгөөний
дагуу тогтмол зохион байгуулдаг.
-Цэргийн бүртгэлд ямар насны хүмүүс
хамрагдаж, бүртгүүлэх ёстой вэ, бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага
хүлээх үү?
-Цэргийн бүртгэлийг жилд нэг удаа явуулдаг.
18-50 насны бүх эрчүүд болон цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийг
бүртгэдэг. Тухайлбал, бүх төрлийн орчуулагч, гадаад хэлний багш, мэргэжлийн
тогооч, лаборантууд гээд цэрэгт мэргэжил заасан 18-50 насны эмэгтэйчүүд
хамрагддаг.
Цэргийн бүртгэлийн зорилго бол Монгол
Улсад хэрэгтэй цаг ирэхэд татагдах хүн, хүчний нөөцийг тодорхойлох байдаг. Цэргийн
алба хаасан, хаагаагүй гээд бүртгэдэг. Тухайн бэлтгэл үүрэгтэн өөрийн биеэр баг,
хорооны анхан шатны нэгж дээр ирж бүртгүүлдэг байсан бол сүүлийн үед “И-Монголиа”
цахим плотформоор бүртгэдэг болсон. Ингэснээр цэргийн бүртгэлийн хамрагдалт,
чанар сайжирч байгаа. Бүртгэл бол Цэргийн штабын үйл ажиллагааны үндэс суурь, мэдээллийн
эх сурвалж болдог ач холбогдолтой.
Бүртгэлд хамрагдаагүй, цэргийн
бүртгэлийн журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулиар 100 нэгжтэй тэнцэх мөнгөн
торгууль ноогдуулна.
Байгууллагууд ажилтнуудаа цэргийн
бүртгэлд хамруулах, бүртгүүлэх, тухайн ажилтанд цэргийн зарлан дуудах мэдэгдэл
ирсэн бол цэрэг татлагын үзлэгт оруулах, цэрэгт тэнцээд явлаа гэхэд албаа
хаагаад ирэхэд нь ажлын байрыг нь хадгалж байх үүрэг хүлээдэг.
Цэргийн алба хаах нь Үндсэн хуулиар олгогдсон
бидний журамт үүрэг. Эх орноо хамгаалах, аюулгүй байдлаа батжуулах нь зөвхөн
эрэгтэй хүмүүсийн ч гэлтгүй гэр бүл, албан байгууллагуудын үүрэг гэж ухамсарлан
энэхүү ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлдэг байхыг хүсэж байна.
-Ярилцсанд
баярлалаа.