Нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэдэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭНЗДТГ, Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөгөөг танилцууллаа.
Шинэ төлөвлөгөөгөөр 10 дугаар сарын 10-наас тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргэхийг нийслэлийн зарим уулзварт хэрэгжүүлэхээр болжээ. Эл өөрчлөлтийг хийснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирч, дуу чимээ, агаарын бохирдол, түгжрэл буурахаас гадна эдийн засгийн хэмнэлт гарна хэмээн албаныхан тодотголоо. Тодруулбал Баруун 4 зам, Зүүн 4 зам, Гэсэр сүм, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулах юм байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярихдаа, “Өнгөрсөн онд импортоор 60 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн бол оны эхний есөн сарын байдлаар 40 мянгад хүрээд байна. Жилд дунджаар 30-45 мянган иргэн нийслэлд шилжин ирж байгаа. Тээврийн хэрэгсэл, нийслэлд шилжин ирж буй иргэдийн тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа энэ үед хотын тулгамдсан асуудлын нэг нь замын хөдөлгөөний ачаалал. Тиймээс НЗДТГ-аас ямар нэгэн хөрөнгө санхүүгийн асуудалгүйгээр эхний ээлжинд хийж буй зохион байгуулалтын нэг юм. Тиймээс тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр тээврийн хэрэгслийг баруун гар тийш эргүүлэх зохицуулалтыг хийж байна" гэлээ.
Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм байна. Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатай гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Нэмэгдэл ногоон гэрлийн сул тал нь юу вэ гэсэн асуултад албаныхан “Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэл осол гаргах эрсдэл бий.Тиймээс явган зорчигч, жолооч аль, аль нь анхаарал өндөр байх ёстой” гэв.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ