Монгол Улсын анхны хиймэл дагуул ирэх оны 3 дугаар сард сансарт хөөрнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-04 14:28:36

Монгол Улсын анхны хиймэл дагуул ирэх оны гуравдугаар сард сансарт хөөрөх болсныг өнөөдөр Улсын онцгой комисс, МУИС-иас мэдээлэв.

2012 онд Засгийн газрын тогтоолоор “Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөр” баталж, МУИС-ийн эрдэмтэд хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогоор МУИС-ийн гурван багш Японы Кюүшүгийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран хиймэл дагуулыг бүтээж байгаа бөгөөд дуусах шатандаа орсон байна. Японд үйлдвэрлэж байгаа шалтгаан нь хиймэл дагуул турших сансрын орчин бүрдүүлсэн цөөн хэдэн лабораторийн нэг тус улсад байдаг. Мөн Япон Улсын хөлгөөр хиймэл дагуулыг тойрог замд оруулна. Түүнчлэн хиймэл дагуул бүтээж, сансарт хөөргөхөд шаардлагтай 325 мянган ам.долларын 225 мянгыг Япон улс тусламжаар олгож байгаа аж. Харин Монгол Улсын Засгийн газраас 50 мянган ам.доллар, үлдсэнийг нь МУИС-ын төсвөөс санхүүжүүлж байгаа аж.

Хиймэл дагуулыг 2017 оны 3 дугаар сард хөөргөж, тухайн оныхоо 5 дугаар сард тусгай робот ашиглан задгай сансарт байрлуулах юм. Манай хиймэл дагуул сансарт 6 сар ажиллаад газарт бууж, өөрийгөө устгахаар программчлагдсан. Ингэснээр дэлхийд сансрын хог хаягдал үлдэхгүй. Зургаан сарын дараа гэхэд одоо хэрэглэж байгаа технологи хуучрах тул 2019-2020 онд шинэ хиймэл дагуул бүтээж дахин хөөргөхөөр төлөвлөж байна гэж МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ хэллээ.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, “Хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр улсын хэмжээнд аль бүсэд ган, зуд, үер, түймэр болон бусад байгалийн гамшиг болж буйг тодорхойлж, шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. Өмнө нь өөр улсын хиймэл дагуулаас мэдээлэл авдаг байсан. Энэ нь цаг хугацаа их шаарддаг тул хохирол их амсдаг байлаа. Тиймээс Улсын онцгой комисс, ОБЕГ энэхүү хөтөлбөрийг дэмжиж ажиллана” гэлээ.

Манай хиймэл дагуул Япон, Нигери, Гана, Бангладешийн хиймэл дагуултай хамт хөөрч, 400 км-ийн зайнаас дэлхийг тойрч, өдөрт 5-6 удаа мэдээлэл дамжуулах юм. Хиймэл дагуулаас ирж буй мэдээг МУИС-ийн дэргэд шинээр байгуулах номын сангийн оройд байрлуулан антенаар дамжуулан хүлээн авах юм.

Ч.Ариунболд

相关新闻