Өвөлжилтийн бэлтгэлтэй газар дээр нь танилцахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХөдөө аж ахуйн салбарын 2016- 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Энэ дагуу өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн базааж байгаатай газар дээр нь танилцахаар аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг хөдөөгийн сумдад ажиллахаар болсон байна.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн төвийнхөн халаалт дулаанаа аваад эхэлчихсэн, дулаанаар хангагч аж ахуйн нэгжүүд нүүрсээ татан авчихвал бэлтгэл бүрэн хангагдана гэсэн мэдээллийг Хөгжлийн бодлогын хэлтсээс өгсөн юм. Харин хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 71 хувьтай, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт зарим суманд эхлээгүй байна. Өвс тэжээлийн хэдий хэр хэмжээний нөөцтэй нь сумаас өгч байгаа тоон мэдээн дээр үндэслэн гарч байгаа бөгөөд газар дээрээ чухам ямар байдалтай байгааг нүдээр харж танилцах шаардлагатай гэж аймгийн удирдлагууд үзжээ. Нөгөөтэйгүүр малчдын хувийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, отор нүүдлийг хаана хэрхэн зохицуулах боломж байна, бэлчээрийн даац хаана ямар байгаа зэргийг тандаж, ингэсний үндсэн дээр отор нүүдлийг оновчтой зохион байгуулах нь зохистой гэж үзжээ.
Аймгийн ХХАА-н газрын гаргасан урьдчилсан тооцоогоор энэ онд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт хонин толгойд шилжүүлснээр 3 сая 775 мянган мал өвөлжиж, хаваржихаар байна.
Т. Отгонтуяа