Токио хотод “Go Mongolia” өдөрлөг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан Япон улсын Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатошигийн урилгаар тус хотод зочилжээ.
Энэ хүрээнд НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг Токио хотын ИТХ-ын дарга Үдагава Сатоши, дэд дарга Масүко Хирокигийн хамтаар хүлээн авч уулзсан байна. Уулзалтад мөн Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан, ЭСЯ-ны Элчин зөвлөх А.Дэлгэрмаа нар оролцжээ. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Үдагава Сатоши уулзалтын үеэр, “Монгол, Япон хоёр улс ардчилал, эрх чөлөө хүний эрх, хууль эрх зүйт засаглалыг үнэт зүйл болгосон Тусгай стратегийн түншлэлийг хэрэгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагаас гадна спортын салбар, тэр дундаа Японы сумо бөхийн дэвжээнд монгол бөхчүүд өндөр амжилттай байдгийг онцлон дурдмаар байна. Хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, гамшгаас урьдчилан сэргийлэх буюу гал унтраах, авран хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн” хэмээн тодотголоо.
Харин НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, “Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бүх цаг үед манай орны хөгжлийн төсөл хөтөлбөрийг дэмжиж, нийгэм, цаг үеийн сорилт бэрхшээлийг даван туулахад тусалж, эрүүл мэнд, боловсрол, соёл, хүний хөгжлийн олон салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Олон салбарын хамтын ажиллагаа хоёр улсын ард иргэд, хүн хоорондын харилцаагаар улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна” гэжээ.
Тэрбээр ирэх сард Монгол Улс “Go Mongolia” уриатайгаар аялал жуулчлалын салбараа сурталчлах томоохон үйл ажиллагааг Токио хотод зохион байгуулна. Монгол Улсын аж байдал, ахуй соёл, аялал жуулчлалын талаар сурталчлан таниулах тус өдөрлөгт оролцохыг урьжээ. Түүнчлэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тааламжтай цагтаа зочлохыг урив.